Ү.Амарбат: "Шинэ хоршоо" хөдөлгөөн малчдын оролцоог дэмжинэ

оруулсан Алсын Хараа

Н.ЖАРГАЛМАА

Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төвөөс “Шинэ хоршоо” хөдөлгөөний явцын талаар “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийлээ.

Засгийн газраас санаачлан хэрэгжүүлж буй “Шинэ хоршоо” хөдөлгөөн Монгол орон даяар хэрэгжиж эхлээд нэг сарын хугацаа өнгөрөөд байна. Тус хөдөлгөөн нь малчдад өөрсдийн асуудлыг хамтран шийдэх боломж олгож буйгаараа онцлогтой. Тухайлбал мал аж ахуйн салбарын эдийн засгийн үр өгөөжийг дамлан наймаалагч буюу ченжүүд хүртдэг байдлыг зогсоож малчид хүртэх боломжийг бий болгож байна.

Нийслэлд мах нэг кг нь 25-30 мянган төгрөг хүртэл өсөх тохиолдол бий. Энэ үед “Шинэ хоршоо” хөдөлгөөний тусламжтайгаар дамлан наймаалагчдын оролцоог халж малчид өөрсдөө нийлүүлэгч болох  боломжтой. Мөн тус хөдөлгөөн нь Монгол Улсын хөрөнгө оруулалтын эрх тэгш байдлыг хангахаар төрөөс хэрэгжүүлж буй бодлого юм.

Энэ талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын зөвлөх Ү.Амарбат “Нийт хөрөнгө оруулалтын зээлийн 80 хувь Улаанбаатар хотод, үлдсэн 20 хувь нь төв суурин газарт гарч байгаа. Таван жилийн хугацаанд таван их наяд төгрөгийн дийлэнх хэсэг сумдад шингэнэ. Хөрөнгө оруулалтын зээл малчдад мал аж ахуйн салбарт олгож байгаагаараа орон нутагт сайжрах юм. Ингэснээр малчид дараа дараагийн зудад зутардаггүй, төрийн гар харж биш хоршооныхоо хүчээр давж туулдаг тогтолцоог бүрэн бүрдүүлэх зорилготой юм. Асуудлыг хүндэрсэн үед нь тусламжийн аргаар шийддэг бус бололцоотой үед нь хөрөнгө оруулалт хийж шаардлагатай батлан даалт, хамтын ажиллагааг хийж чаддаг байх хөдөлгөөн юм. “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлж чадвал малын гаралтай түүхий эдийн үнэ хямд байгааг түүх болгон үлдээнэ” гэв. Малчид хамтран хоршоолох замаар 20 хувийн хүүтэй хэрэглээний зээл бус зургаан хувийн хүүтэй, урт хугацааны хөрөнгө оруулалтын зээлийн “Шинэ хоршоо” хөдөлгөөнөөр дамжуулах авах боломж бүрдэж байна. Улмаар малчид хэрэглээний зээлийн дарамтаас гарч, мал аж ахуйн салбарын ахиц гаргах юм.

Түүнчлэн сүүлийн үед тус хөдөлгөөнтэй холбоотой ташаа мэдээлэл иргэд, олон нийтийн дунд гарах болсон байна. Энэ тухайд “Шинэ хоршоо” хөдөлгөөнөөр олгож байгаа зээл 100 хувь банкнаас олгогдоно. Зээлийн эцсийн шийдвэрийг банк гаргана. Ямар асуудлаар хэдий хэмжээний хөрөнгө оруулалтын зээл авах вэ гэдгийг арилжааны банкууд шийдвэрлэнэ. Үүнд улстөрчийн эрх мэдлийн оролцоо огт байхгүй. Өөрөөр хэлбэл, Ардчилсан намын зарим нэр бүхий гишүүдийнх нь хэлээд байгаа шиг өөрсдийнх нь хийж гаршсан Үнэ тогтворжуулах хөтөлбөр ч юм уу, эсвэл Чингис бондын мөнгийг Хөгжлийн банканд байршуулж байгаад гурван хувийн хүүтэй зээлийг өөрсдөө хэдэн их наядаар авдаг шиг зээл биш. Хоёрт газартай холбоотой асуудлыг их ярьж байна. Энэ хөтөлбөрийн хүрээнд малын бэлчээрийг хөндөхгүй. Өнгөрсөн өвөл зудын хүндрэлтэй цаг үеэр  Засгийн газрын гишүүд 200 гаруй сумдад ажилласан. Зудын хүндрэлтэй цаг үеэр тэжээл маш үнэтэй болсон.  Тэжээлийг ченжүүдийн аманд орсон үнээр авч байна, бид өөрсдөө тэжээлээ таримаар байна гэдэг хүсэлт малчдаас маш их тавьсан. Тэжээл тарих газрыг олгооч гэдэг хүсэлт тавьсан.  Тийм учраас хоршоонууд өөрийнхөө суманд байгаа таван га газарт тэжээл тариад, өөрсдөө тариалсан тэжээлээр өвлийг давдаг ийм зохион байгуулалт руу орох боломж бий. Түүнчлэн малчид руу чиглэсэн сөрөг хандлага гарах боллоо. Тодруулбал, Малчид бол урт хугацааны хөрөнгө оруулалтын зээлийг удирдах чадваргүй. Өөрөөр хэлбэл эдийн засгийн харилцаанд оролцох чадваргүй гэсэн юм. Монгол Улсын нийт 600 мянга гаруй малчин бий. Тэдгээр хүмүүс урт хугацааны зээлээ аваад өөрсдөө удирдаад зах зээлийн шинэ харилцаанд орж, ахуй амьдралаа сайжруулах бүрэн чадамжтай. Дэлхийн улс орнууд ийм арга замаар хөдөө аж ахуйн өрсөлдөх чадварыг дээшлүүлсэн байдаг” хэмээн хэллээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ТАВДУГААР САРЫН 29. ЛХАГВА ГАРАГ. № 106 (7350)

Сэтгэгдэл бичих