Японы сумо бөхийн холбооны Ёкозүнагийн зөвлөл Зуны тэмцээний дараа уламжлалт хурлаа хийжээ. Тус зөвлөлийн тэргүүн Ямаүчи Масаюки хоёр башё дараалан барилдаагүй ёкозүна Тэрүнофүжиг намрын тэмцээн хүртэл хоёр тэмцээн харахаа мэдэгдлээ.
Тэрбээр “Аварга барилдахгүй байгаа нь харамсалтай. Гэхдээ гэмтэлтэй ч барилдах хүсэлтэй, үүрэг хариуцлагаа ухамсарлаж байгааг нь үнэлж байна. Нагоя башё, эсвэл дараагийн намрын тэмцээн хүртэл гэмтэл бэртлийн байдал, дахин барилдах гэсэн тэмүүлэл зэргийг нь харья гэж Зөвлөлийн гишүүд шийдвэрлэсэн. Одоогийн байдлаар заавал барилд гэж хэлэхгүй, бас сануулга өгөхгүй. 100 хувь бэлтгэл ханаад барилдах хүсэлтэй гэж ояаката нь хэлж байсан. Ямартай ч есдүгээр сарын тэмцээн хүртэл эмчлүүлэх хэрэгтэй. Намрын тэмцээний дараа бид ямар нэг шийдэлд хүрнэ. Гэхдээ яг шийдэх хүн нь Тэрүнофүжи өөрөө” гэж ярьсан байна.