Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсоны биеийн байдал хүндэрч, эрчимт эмчилгээний тасагт хэвтсэнтэй холбогдуулан дэлхийн улс орнуудын удирдагчид болон Их Британийн улс төрчид түүнд сайн сайхныг хүсэн ерөөжээ.
Коронавирусний халдвар авсан Б.Жонсон өнгөрсөн ням гарагт Лондон хотын Гэгээн Томасын нэрэмжит эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд үүнээс 24 цагийн дараа эрчимт эмчилгээний тасаг руу шилжжээ. Түүний үүргийг Гадаад хэргийн сайд Доминик Рааб түр орлон гүйцэтгэхээр болсон юм.
Францын Ерөнхий сайд Эмманюэль Макрон, энэ хүнд цаг үед Ерөнхий сайдыг түргэн эдгээсэй хэмээн хүсэж байна гэж “Twitter” хуудсандаа нийтэлжээ. Мөн Германы Канцлер Ангела Меркелийн хэвлэлийн төлөөлөгч Штеффен Зайберт үүнтэй ижил мэдэгдэл хийжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ард иргэдийнхээ өмнөөс Б.Жонсонд сайн сайхныг хүсээд, түүнийг өөрийн сайн найз, “хүчирхэг эр” хэмээн тэмдэглэсэн байна.
Мөн Европын Холбооны удирдагчид “Twitter” хуудсаараа дамжуулан түүнд сайн сайхныг хүссэн байна. Европын Комиссын тэргүүн Урсула фон дер Лайен, Ерөнхий сайд болон түүний гэр бүлийнхэнтэй сэтгэл зүрхээрээ хамт байгаагаа илэрхийлсэн байна. Түүнчлэн үүнтэй ижил мэдэгдлийг Европын Зөвлөлийн тэргүүн Шарль Мишель, “Brexit”-ийн хэлэлцээний гол төлөөлөгч Мишель Барнье нар хийжээ. М.Барнье өнгөрсөн гуравдугаар сард коронавирусний халдвар авсан юм.
Үүнээс гадна Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо, Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди, Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисон нар мөн Б.Жонсонд сайн сайхныг хүссэн байна. Мөн Их Британийн сөрөг хүчний Лейборист намын шинэ дарга Кейр Стармер, Шотландын анхны сайд Никола Стержен, Их Британийн Ерөнхий сайд асан Дэвид Кэмерон, Тереза Мэй нар мөн Б.Жонсонд хурдан эдгэхийг хүсчээ.
БРЮССЕЛЬ. /Euro News/