Б.Болдбаатар, Р.Батрагчаа нарыг цэцийн гишүүнд санал болголоо

оруулсан Алсын Хараа

Т.БАТСАЙХАН

Үндсэн хуулийн цэцийн гурван гишүүний бүрэн эрхийн хугацаа өнгөрсөн долоо хоногт дууссан.  Тодруулбал, Ерөнхийлөгчөөс дэвшүүлсэн Г.Туулхүү,  Б.Буяндэлгэр, парламентаас санал болгож томилсон гавьяат хуульч Ш.Солонгын Цэцэд ажиллах хуулийн хугацаа өндөрлөөд байна.  Тэгвэл Г.Туулхүү, Б.Буяндэлгэр нарын оронд томилох хүмүүсээ Ерөнхийлөгчөөс санал болгож,  парламентаар хэлэлцүүлэхээр ЕТГ-ын дарга Я.Содбаатар өчигдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Ерөнхийлөгчийн 2024 оны тавдугаар сарын 27-ны өдрийн “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилуулах тухай” 13 дугаар захирамжид, Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг үндэслэн Б.Болдбаатар, Р.Батрагчаа нарыг цэцийн гишүүнээр томилуулахаар санал болгожээ.

Цэцийн гишүүнд нэр дэвшигч Рагчаагийн Батрагчаа нь “Отгонтэнгэр” их сургууль, МУИС-ийн Хууль зүйн сургууль, Их Британийн Нью Коллежийг төгссөн. 2016-2019 онд Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ-ын Захиргаа, санхүүгийн газрын дарга, 2019-2020 онд Нийслэлийн засаг даргын тамгын газрын дарга, 2020-2022 онд Эрчим хүчний яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, 2022 оны нэгдүгээр сараас ШЕЗ-ийн гүйцэтгэх нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөхөөр томилогдон ажилласан юм.

Бямбадоржийн Болдбаатар нь 1968 онд Улаанбаатарт төрсөн. 1992 онд Москва хотын авто замын дээд сургууль, 2001 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг дүүргэсэн. Инженер, хуульч мэргэжилтэй. 2004 оноос УИХ-д ажиллаж эхэлсэн байна.

Ийнхүү парламент хаврын чуулганы төгсгөлд Ерөнхийлөгчөөс санал болгосон цэцийн гишүүдийн томилгоог хэлэлцэн шийдвэрлэхээр болж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ТАВДУГААР САРЫН 28. МЯГМАР ГАРАГ. № 105 (7349)

Сэтгэгдэл бичих