/RIA Novosti/. Даваа гаргийн арилжааны явцад нэг унц алтны үнэ 1.5 хувиар өсөж, үнийн дээд үзүүлэлт дахин шинэчлэгдлээ.
Нью-Йоркийн "Комекс" биржийн арилжааны явцад зургаадугаар сард нийлүүлэх алтны фьючерс хэлцлийн үнэ нэг унц нь 35.2 ам.доллар буюу 1.46 хувиар өсөж, 2452.6 ам.долларт хүрсэн бол долоодугаар сард нийлүүлэх мөнгөний фьючерс хэлцлийн үнэ нэг унц нь 32.352 ам.доллар болж 3.5 хувиар өсжээ.
АНУ-д инфляц саарч буйг харуулсан статистикийн шинэ тоо баримтыг өнгөрсөн долоо хоногт танилцуулсны дараа тус улсын Төв банк буюу Холбооны нөөцийн сан /ХНС/ бодлогын хүүгээ энэ онд дор хаяж хоёр удаа бууруулна гэсэн хүлээлт нь ханш өсөхөд нөлөөлжээ. CME группийн мэдээлснээр хөрөнгө оруулагчдын 65 орчим хувь нь бодлогын хүүг есдүгээр сард бууруулна гэж таамаглаж байна. ХНС мөнгөний бодлогоо зөөлрүүлэх үед ам.долларын ханш тогтворжиж, алтны үнэ нэмэгддэг.
Үүний сацуу хөрөнгө оруулагчид Иранд өрнөж буй үйл явдлыг анхааралтай ажиглаж байна. Ираны Ерөнхийлөгч Эбрахим Раиси, Гадаад хэргийн сайд Хоссейн Амир Абдоллахиан болон бусад албаны хүмүүс нисдэг тэрэгний ослоор амиа алдсан тухай “Mehr” агентлаг мэдээлсэн байна. Алт бол дэлхий дахинд тодорхойгүй байдал үүссэн үед эрэлт нь нэмэгддэг актив юм.