Монголын үндэсний бөхийн холбоо, Премьер спортс сувагтай хамтран зохион байгуулдаг үндэсний “Алтан цом”-ын төлөөх хагас шигшээ барилдаан эхэллээ.
Өнгөрсөн жилийн цомын эзэн, улсын арслан Р.Пүрэвдагва, харцага Б.Зоригтбаатар, О.Мөнх-Эрдэнэ, С.Сүхбат нараар магнайлуулсан Архангайн хүчтэнүүд энэ шатанд Өвөрхангай аймгийн багийг 15:10-аар хожсоноор дахин алтан медалийн төлөө барилдах эрхээ өвөртөллөө. Архангайгаас улсын харцага Б.Зоригтбаатар, С.Сүхбат нар дөрөв давсан бол харцага О.Мөнх-Эрдэнэ гурав, улсын арслан Р.Пүрэвдагва, аймгийн арслан Э.Мөнхжаргал нар хоёр даваагаар багтаа тус хүргэжээ. Тэд энэ сарын 25-нд аваргын цомын төлөө барилдах юм.
Тэгвэл Өвөрхангай аймгийн багаас харцага Б.Цэдэнсодном дөрөв, начин Б.Лхагвадорж гурав, гарди Ц.Бямба-Отгон хоёр, аймгийн хурц арслан О.Наранбаатар нэг давжээ. Харин улсын харцага Х.Гантулга, аймгийн арслан Т.Довчинсэмбээ, цэргийн арслан Б.Өлзийсайхан нар нэг ч даваагүй барилдаанаа дуусгав. Ингэснээр энэ сарын 24-нд хүрэл медалийн төлөө барилдахаар болж байна.
Өнөөдөр орой 19:45 цагаас Ховд-Говьсүмбэр аймгийн бөхчүүд барилдана.