Зам тээврийн ослоос сэргийлэх, иргэдэд автомашинаас татгалзахыг уриалах зорилгоор автомашингүй өдрийг жилд хоёр удаа зохион байгуулдаг. Энэ оны эхний өдрийг тавдугаар сарын 25-нд зохион байгуулна.
Автомашингүй өдөр нь тээврийн хэрэгслийн хэрэглээг хязгаарлаж, нийтийн тээвэр, унадаг дугуй зэрэг бусад тээврийн хэрэгслийн хэрэглээ болон явган алхалтыг дэмжих, автомашины түгжрэлээс үүдэлтэй хүн амын дунд стресс бухимдал, цаг алдалт, автомашины дуу чимээг багасгах, агаар, орчны бохирдлыг бууруулах зорилготой. Мөн эрүүл аж төрөх орчин нөхцөлийг бүрдүүлэн, идэвхтэй хөдөлгөөнийг олон нийтэд уриалж, нийтийг хамарсан уралдаан тэмцээн, соёл, урлаг, эрүүл мэндийн арга хэмжээг зохион байгуулдаг.
Тодруулбал авто машингүй өдрөөр "Улаанбаатар марафон 2024" олон улсын гүйлтийн тэмцээн зохион байгуулагдана. Энэ жилийн марафонд 15966 хүн бүртгүүлжээ. Өдөрлөгийн гол үйл ажиллагаа болох гүйлтийн төрөлд 1,5 км-т гэр бүлээрээ, хараагүй, тэргэнцэртэй болон тусгай хэрэгцээт иргэд, 5, 10, 21, 42 км-т мэргэжлийн тамирчид болон сонирхогчид, 500, 800 м-т тусгай олимпын төрлөөр тус тус бүртгүүлж гүйх боломжтой. Энэ жил урилгаар Кени, Япон, Герман, Их Британи, Франц, Орос улсаас 42 км, 21 км гүйдэг нийт 9 алдартай тамирчин хүрэлцэн ирж оролцох юм.
“Улаанбаатар Марафон 2024” өдөрлөгөөр урлаг соёл, спортын олон төрлийн үйл ажиллагааг төв талбайд дэлгэх юм. Иргэд гэр бүл, найз нөхдөөрөө бүтэн өдрийг зөв боловсон, зугаатай өнгөрүүлэх нөхцлийг бүрдүүлж урлагийн тоглолт, хоолны өдөрлөг зохион байгуулах орон зайг бий болгохоор зорьж байна. Тухайлбал, Сүхбаатарын талбайн автобусны буудлын дэргэд “LEMONSPICE” хоолны өдөрлөг хийх бол “ELECTRO MUSIC MONGOLIA”-ийн хамт олон авто замын төв цэг дээр монголын шилдэг DJ нарын тоглолтыг толилуулна.
Автомашингүй өдрийг манай улс 12 дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд тус өдрийг 46 улсын 2000 гаруй хот тэмдэглэн өнгөрүүлдэг байна.