"Дэлхийн домогт хамтлаг болохыг хүсдэг"

оруулсан Алсын Хараа

Монголын хүнд рокийг дэлхийд таниулж буй “The HU" хамтлагийнхан цар тахлаас улбаалан аялан тоглолтоо цуцалсан билээ. Өдгөө Сиднейд хөл хорионд орсон тус хамтлагийн гишүүдтэй Австралийн сэтгүүлч Кевин ЭЖ Перри ярилцжээ. Тэдний “Yuve Yuve" “Wolf totem" дууг YouTube-д 41 сая удаа үзсэн байдаг. Мөн “Sugaan Essene” бүтээлийг “Star Wars Jedi" видео тоглоомын дуу болгожээ.

-Гаднын хотуудаар аялан тоглож байгаад Улаанбаатарт эргэн очиход эрс тэс ялгаа мэдэрдэг үү?

-Галаа: Бид XXI зуунд амьдарч байна. Бүх улс “Бургер кинг”-ийн салбартай. Тиймээс  айхтар соёлын ялгаа мэдэрдэггүй.

 

-Та бүхэн метал хөгжимтэй хэрхэн танилцсан бэ? 

 

-Энхүүш: Би “Нирвана”  хамтлагийн дууг сонсож, рок хөгжмийн тухай анхны мэдэгдэхүүнтэй болсон. Дараа нь “Металлика” хамтлагийг шүтэх болсон.

 

-Танай хамтлагийг олны танил болгосон хүн бол продюсер Дашка. Монголын уламжлалт урлаг ба метал хоёрын хооронд байгалийн уялдаа холбоо байдаг уу. Эсвэл энэ бүхэн Дашкагийн санаа байсан уу?

 

-Галаа: Металл дуунуудыг уламжлалт хөгжмийн зэмсгээр тоглох нь продюсерийн санаа байсан. Дашка багш “Hunnu rock” төслөө олон жилийн өмнө боловсруулсан. Тэрбээр их эрч хүчтэй, урлагийн дээд зэргийн мэдрэмжтэй хүн.

 

-Заяа: Монголын уламжлалт зэмсэг бол манай уран бүтээлийн амин сүнс. Монгол хөгжмөө бид дэлхийд таниулахыг хүсч байна. Морин хуур, товшуураар ямар ч аяыг тоглож болдог.

 

-Хамтлагаа яагаад “The HU гэж нэрлэсэн юм бэ?

 

-Галаа: “Хү” гэдэг нь хүний, оюуны оршихуйн үндсэн үг юм. Монгол хэлээр “хүү”, “хүн”, “хүмүүс” зэрэг үг “Хү” язгуураар эхэлдэг. Англи хэлээр хүнийг Митап гэдэг ба мөн л “HU”-гээр эхэлдэг. Тиймээс бид энэ язгуур үгийг хамтлагийнхаа нэрээр сонгосон.

 

-Заяа: Бид өв соёл, түүхээрээ бахархдаг. Монголын түүхийн нэгээхэн хэсгийг дэлхийд хүүрнэхийг хүссэн юм. Монголчуудыг байлдан дагуулагч гэдгээр нь мэддэг атлаа дэлхийн анхны дипломат паспорт, шуудангийн үйлчилгээ, олон улсын худалдаа, шашны эрх чөлөөг тунхагласан гэдгийг тэр бүр мэддэггүй.

-Тийм учраас л цомгоо “Гэрэг” гэж нэрлэсэн байх нь ээ?

 

-Заяа: Монголын эзэнт гүрний элчийн баримт бичиг буюу дипломат паспорт болох гэрэгээр цомгоо нэрлэсэн. Нөгөөтэйгүүр улс орнуудад ямар ч хязгаарлалтгүйгээр аялж, дуу хөгжмөө хуваалцахыг хүссэн юм.

 

-Дэлхий ертөнцөд Монголын талаар ямар мессеж хүргэхийг зорьсон бэ?

 

-Заяа: Монгол бол маш сонирхолтой газар. Бид олон мянган жил уламжилсан нүүдлийн соёлоо одоо ч хадгалсаар байна. Нүүдэлчид энгийн нэг малчид биш. Бид хүрээлэн буй орчиндоо хүндэтгэлтэй харьцаж, байгальтайгаа зохицон амьдарч ирсэн.

 

-Сонирхолтой санагдаж байна. Та бүхний дууг дэлхий даяар сонсож эхлэхэд ямар мэдрэмж төрсөн бэ?

 

-Тэмка:  Уран бүтээлч бүр амжилтад хүрэхийг хүсдэг. Бодит байдал бидний хүлээлтээс давахад баярлахаас илүүтэй эх орноороо бахархсан.

 

-“The HU”  хамтлагийн цаашдын зорилго төлөвлөгөөнөөс хуваалцана уу?

 

-Заяа: Бидэнд хийх зүйл их байна. Олон жил тасралтгүй уран бутээл туурвиж, лэлхийн бүх улсаар аялан тоглож, Монголоо сурталчлахыг зорьж байна. Бид домогт хамтлаг болохыг хүсдэг.Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

 

Сэтгэгдэл бичих