“...Сонгуулийн санхүүжилт” гэсэн банк дахь доллар, чингэлэгтэй юанийг СМА юу гэдэг вэ?!

оруулсан Алсын Хараа

Б.ГАРЬД

2024.3.26. Цахим сүлжээнд “…Хятадаас тус улсын мөнгөн тэмдэгтээр дүүргэсэн чингэлэг Монгол Улсын хилээр орж ирлээ” гэх  видео бичлэг цацагдаж, шуугиан тарьсан. Улмаар “…Энэ нь сонгуульд зориулсан мөнгө байж болзошгүй” гэж яригдсан.

Энэ талаар ЦЕГ-аас “…ЭЦА, Хар тамхитай тэмцэх газар, Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын хамтарсан Ажлын хэсэг тус аймагт ажиллаж, бэлэн мөнгө, мансууруулах эмийн түүхий эдэд багтах бодис зэргийг хураан авч, хуульд заасан үндэслэл журмын дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Харин өнөөдөр буюу 2024 оны гуравдугаар сарын 26-ны өдөр олон нийтийн цахим сүлжээн дээр түгээгдсэн “…Өмнөговийн хилээр нүүрсний компанийн машинууд контейнероор их хэмжээний юань оруулж баригдав” гэх гарчигтай мэдээлэл Цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй. Тус аймагт ажилласан Ажлын хэсгийн хураан авсан зүйлтэй холбоогүй бөгөөд цахим сүлжээн дээрх бичлэгийн эх сурвалж, мөнгөний эх үүсвэрийг тогтоохоор шалгалтын ажиллагаа эхэлсэн байна” гэж мэдээлсэн.

2024.4.15. “Алтайн хүдэр” компанийн удирдлагуудыг ЭЦА-наас саатуулсан. Тэднийг саатуулсан гол шалтгаан нь “…Банкиндаа улс төрийн санхүүжилт байж болзошгүй гаднаас ирсэн зургаан сая орчим ам.долларыг төвлөрүүлсэн” гэж яригдсан.

ЭЦА-наас “…Нэр бүхий этгээдүүд эх үүсвэр нь тодорхойгүй их хэмжээний мөнгөн хөрөнгөөр кредит болон бусад арилжааны банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх байдлаар хувиргаж, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй. Ийм учраас иргэн Б-ын хамаарал бүхий “Алтайн хүдэр”, “Бүрдэл Майнинг” компани, Тээвэр хөгжлийн банк зэрэг 10 объектод нэгжлэг хийж санхүүгийн анхан шатны баримт материал, гадаад валют, эд зүйлсийг хурааж авсан” гэж мэдээлэв.

2024.4.25. ЦЕГ-аас “Ачит ихт” ХХК-тай холбоотой хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцын талаар мэдээлэл өгсөн. Энэ үеэр ЦЕГ-ын ХМОНХГ-ын дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Пүрэвдэлгэр “…“Цагалбар”-ын дансанд байгаа 13 саяыг хөдөлгөх хэрэг гарлаа. Гаргаж авах асуудалдаа хянуур хандаарай. Их хэмжээний мөнгө гаргаж байгаа болохоор асуудал үүсгэж магадгүй. Сонгуульд ашиглах учир цэвэрхэн хиймээр байна” гэсэн мессежийг задалсан. Уг асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа явагдаж эхэлжээ.

Энэ бол сар гаруйн дотор гарч ирсэн гурван кэйс. Ил болоогүй хэчнээн байгааг хэлэхэд хэцүү. Албан бусаар олон л гэж яригддаг.

Ер нь бол ийм зориулалттай зориулалтгүй мөнгө илрэхэд Цагдаагийн байгууллага мөрдөн шалгаад явна. Дээрх “чингэлэгтэй юань” шиг бэлнээр оруулж ирэх гэсэн асуудалд хууль хяналтынхан дангаараа хариуцаж таарна. Харин банкны сүлжээгээр ороод ирдэг, оруулахыг оролддог сэжигтэй гүйлгээнд Монголбанкны дэргэдэх Санхүүгийн мэдээллийн алба /СМА/ хяналт тавьж байх учиртай. Санхүүгийн мэдээллийн алба нь үүнийг хэрэгжүүлэх маш хүчтэй бөгөөд өндөр эрх мэдлийг хуулиар хүлээж авсан.

Тэгэхээр СМА яаж ажиллаж, ямар арга хэмжээ авч байгаа нь анхаарал татаж байгаа юм. Ялангуяа сонгууль ойртож буй, тэр дундаа улс төрийн санхүүжилт дан ганц гаднаас орж ирэх боломжтой үед энэхүү СМА-ны үүрэг, хэрэгцээ өндөр болж байна.

Тиймээс Монголбанкны дэргэдэх СМА-ны дарга Б.Батбаатараас “...Сонгууль ойртож байгаатай ФАТФ-аас зөвлөж анхааруулдаг үйл ажиллагаа буюу мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх зэрэг шинж тэмдэг бүхий “сэжигтэй гүйлгээ”-ний тохиолдол хэр олон гарч байна вэ”, “...Ийм эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хяналт тавих талаар СМА арга хэмжээ авч ажиллаж байна вэ” гэдэг хариулт авах шаардлага үүсэж байгаа юм. “Зууны мэдээ” эдгээр асуултыг сар шахмын өмнө Б.Батбаатарт тавьсан. Хариулаагүй, аргалаад өнгөрөөсөн. Гэвч сүүлийн үед гарч байгаа ноцтой мэдээллүүд нь түүнээс энэ талаар заавал байр сууриа илэрхийлэхийг шаардаж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 30. МЯГМАР ГАРАГ. № 86 (7330)

Сэтгэгдэл бичих