Ц.Элбэгдоржийг яллагдагчаар татан шалгаж эхлэв

оруулсан Алсын Хараа

З.БОЛД

Олны анхаарал татсан хэд хэдэн үйл явдал өнгөрсөн долоо хоногт өрнөлөө. Эдгээрийн нэг нь “Ачит Ихт” ХХК, экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нартай холбоотой мэдээлэл юм. Тухайлбал ЦЕГ-аас энэ сарын 25-нд Ачит Ихт” ХХК-тай холбоотой хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцын талаар мэдээлэл өгсөн. Тэгэхдээ “Ц.Элбэгдорж нь “Ачит Ихт” ХХК-ийн хувьцаа эзэмшигч хэмээн банкинд бүртгүүлсэн” гэх баримт, мөн П.Цагаантай харилцсан вайбэрийн чатыг олон нийтэд ил болгосон.

Хамгийн гол нь тэр мэдээллийнхээ үеэр “Ц.Элбэгдоржийг яллагдагчаар татах саналыг прокурорт хүргүүлсэн” гэсэн юм.

Мөн ЭЦА-ны ЭЗГХТГ-ын Мөрдөн шалгах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга Э.Сэргэлэн "АНУ-аас ялтан солилцох, эрүүгийн хэрэгт эрэн сурвалжлагдаж байгаа хүнийг эх орондоо авч ирэх боломж бий. Энэ талаар цаашид мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна” гэж мэдээлсэн.

Тэгвэл мөрдөх байгууллагын энэхүү санал прокурорын тогтоолоор албажжээ.  Ц.Элбэгдоржийг Эрдэнэт болон “Ачит Ихт”-ийн мөнгө угаалтын схемтэй холбоотой асуудалд яллагдагчаар татан шалгаж эхэлжээ. Энэ дээр нь “Улс төрийн захиалгаар С.Зоригийг хөнөөсөн хэргийг хаахыг оролдсон” гэх асуудал нэмэгдэж байж болзошгүй нь. Учир нь С.Зоригийг хөнөөсөн хэрэгт нэр бүхий иргэдийг эрүүдэн шүүж, хүний эрхийг ноцтой зөрчиж байгаад ял тулган хүлээлгэсэн. Үүнийг шүүх нотолсон. Улмаар олон улсын хүний эрхийн томоохон зөрчил болчихсон. Хамгийн гол нь энэ талаар гэрч, оролцогчдын мэдүүлгүүд өгсөн байна. Түүнчлэн сүүлийн үед 1998 оны үйл явдлын өрнөл ил болсон. Хэргийн цорын ганц гэрч Б.Булган ам нээсэн. Эдгээр нь дээрх асуудлаар яллагдагчаар татах нөхцөлийг бүрдүүлж буй бололтой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 29. ДАВАА ГАРАГ. № 84 (7328)

Сэтгэгдэл бичих