Энэ долоо хоногийн даваа, мягмар гарагуудад ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров тус улсын хамгийн том түнш БНХАУ-д айлчлах тухай өчигдөр Москвагаас мэдээлжээ.
“Дөрөвдүгээр сарын 8, 9-ний өдрүүдэд ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровын албан ёсны айлчлал БНХАУ-д үргэлжилнэ. Энэ үеэр Хятадын Гадаад хэргийн сайд Ван Итэй уулзаж ярилцана” гэж өчигдөр буюу Ням гарагт мэдэгдсэн байна.
ОХУ-ын гадаад хэргийн яамны мэдэгдэлд “Айлчлалын үеэр талууд хэд хэдэн халуун сэдвээр харилцан санал бодлоо солилцоно” гэжээ. Ингэхдээ “Украины хямрал болон Ази, Номхон далайн бүс нутгийн нөхцөл байдал”-ын сэдвийг онцолсон байна.
Ням гарагт бас Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин сайдынх нь албан ёсны урилгаар С.Лавров айлчлах гэж буйг баталжээ.
Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа Украины дайн эхэлсэн 2022 оны хоёрдугаар сараас хойш улам гүнзгийрээд байгаа. Өнгөрсөн оны гуравдугаар сард БНХАУ-ын дарга Ши Жиньпиний Москвад хийсэн айлчлалын үеэр талуудын түншлэлд “хил хязгаар байхгүй”-г зарлаж байв.
Өнгөрсөн сард ОХУ-ын ерөнхийлөгчөөр дахин сонгогдсоныхоо дараа хэлсэн үгэндээ Владимир Путин хоёр орны харилцааны “тогтвортой байдлын хүчин зүйл”-ийг онцолж байлаа.
Эх сурвалж: AFP