“Гашуунсухайт-Ганцмод” боомтын хил дамнасан төмөр замын гүүрийг хамтран барих тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т талууд өнөөдөр гарын үсэг зурлаа.
Монгол Улсын Зам Тээврийн Хөгжлийн Яамны төрийн нарийн бичгийн дарга С.Батболд "Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И 2020 оны есдүгээр сард Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр Монгол, Хятадын хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай хоёр улсын хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулах ноот бичиг солилцож, шинээр Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-зүүн хатавч төсөр замын боомтуудыг албан ёсоор тусгаж байсан түүхтэй.
10 гаруй жил хүлээгдэж байсан “Гашуунсухайт-Ганцмод” боомтын хил дамнасан төмөр замыг холбох түүний бүтээн байгуулалтыг эхлүүлэх үндэс тавигдаж байгаад баяртай байна.
1955 оноос хойш 69 жилийн дараа Монгол, Хятадыг холбосон хоёр дахь хил дамнасан төмөр замыг барих Засгийн Газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурж байна" гэв.
"Ши Жиньпин дарга Хятад, Монголын төмөр замын холболтын асуудалд маш өндөр ач холбогдол өгдөг"
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Улсын Төмөр Замын Газрын дэд дарга "75 жилийн турш Хятад, Монгол хоёр улс иж бүрэн стратегийн харилцааг хөгжүүлэхийн тулд хамтарч ажиллаж байгаа. Хятадын талаас Ши Жиньпин дарга Хятад, Монголын төмөр замын холболтын асуудалд маш өндөр ач холбогдол өгдөг. Монголын талын удирдлагатай уулзах үеэрээ хилийн төмөр зам, авто замуудыг боломжтойг нь холбоё гэж ярьсан байсан.
Энэхүү төсөл нь ойрын жилүүдэд хоёр улсын төмөр замаар харилцан холбогдох хамтын ажиллагааны бэлгэ тэмдгийн чанартай чухал төсөл байгаа юм" гэв.