Азийн орнуудын эдийн засаг энэ онд 4.5 хувиар өснө гэж таамаглажээ

оруулсан Алсын Хараа

Азийн орнуудын Дотоодын нийт бүтээгдэхүүний /ДНБ/ өсөлт энэ онд 4.5 хувьд хүрэх төлөвтэй байна. Ийм таамгийг Хайнань мужид эхэлж буй Боаогийн чуулга уулзалтын эхний өдөр нийтэлсэн “Азийн эдийн засгийн хэтийн төлөв ба интеграцын ахиц дэвшил- 2024”  тайланд дэвшүүлжээ.

Ази-Номхон далайн бүсийн улсууд "гадны сорилт бэрхшээлийг үл харгалзан хөгжсөөр байх болно. Өнгөрсөн онд эдгээр улсын хөгжлийн инерцийн үзүүлэлт 4.3 хувь байсан" гэж тайланд дурджээ. Азийн орнуудын эдийн засаг харьцангуй хурдацтай өсөх төлөвтэй байгааг онцолсон байна.

2002 оноос хойш тогтмол болж буй Боаогийн чуулга уулзалтыг БНХАУ-ын Засгийн газар 2001 онд анх зохион байгуулж байв. 30 орчим улс оролцож буй (Ази, Номхон далайн бүс нутгийн улсууд) энэхүү чуулга уулзалт энэ онд гуравдугаар сарын 26-29-ний өдрүүдэд "Ази ба дэлхий: Нийтлэг сорилт, нийтлэг хариуцлага" уриан дор болно.

"Дорнын Давос" гэгддэг уг чуулганы үеэр чухал гэрээ хэлэлцээрүүдэд гарын үсэг зурж, Ази болон бусад бүс нутгийн бизнес эрхлэгчид, засгийн газрын төлөөлөгчид байр сууриа нэгтгэдэг. Хятадын эрх баригчид чуулга уулзалтын энэхүү талбарыг хөгжүүлэхэд онцгой анхаарал хандуулж, олон улсын харилцааг эрчимжүүлэн бэхжүүлэхэд тустай зөөлөн дипломат ажиллагааны үр дүнтэй хэрэгсэл гэж үздэг.

Сэтгэгдэл бичих