"Эрдэнэс Тавантолгой" ХК-ны 2023 оны ногдол ашгийг энэ сарын сүүл эсвэл ирэх сарын эхээр олгох талаар албаныхан мэдээлээд буй.
Тэгвэл 1,072 хувьцааны ногдол ашиг олгох ажил ямар шатандаа байгааг "Эрдэнэс Монгол" ХХК-ны Гүйцэтгэх захирал С.Наранцогтоос тодрууллаа.
Ингэхэд тэрбээр "2023 оны цэвэр ашиг 3.2 их наяд төгрөг байна гэж үзээд Төлөөлөн Удирдах Зөвлөл(ТУЗ) шийдвэрээ гаргасан. 3.2 их наяд төгрөг гэдэг нь аудитын дүгнэлтээр баталгаажихаар албан ёсных болно.
Одоо Үндэсний Аудитын Газар(ҮАГ) баталгаажуулах ажил хийгдэж байгаа. Ирэх долоо хоногт баталгаажих болов уу гэж бодож байгаа. Аудит баталгаажуулсан даруйд ногдол ашиг олгох процесс эхэлнэ" гэв.
ЗГХЭГ-аас мэдээлснээр ногдол ашгийн татварын дараах дүн буюу 256,000 төгрөгийг 2024 оны гуравдугаар сарын 25-наас дөрөвдүгээр сарын 8-ны хооронд багтаан олгох юм байна.