Л.Энх-Амгалан: Альфа үеийнхэн Монгол хүн байх ёстой

оруулсан Алсын Хараа

“Монголын боловсролын хувирган өөрчлөлт-2024” сэдвийн хүрээнд БШУ-ы сайд Л.Энх-Амгалантай ярилцлаа.

-“Монголын боловсролын хувирган өөрчлөлт-2024” үндэсний чуулган болсон. Энэ чуулганы ач холбогдол юу байв?

-2023 онд Монгол Улс боловсролын багц шинэ хуультай болсон. Анх удаа сургуулийн өмнөх болон ерөнхий, мэргэжлийн болон техникийн, дээд боловсрол, насан туршийн суралцахын тогтолцоон дээр суурилсан боловсролын тогтолцоотой улс гэдгээ энэ хуулиараа тунхагласан. Зөвлөгөөний гол ач холбогдол энэ хуулиар зургаан шинэ сэргэлтийн бодлого зарласан.

Нэгдүгээрт, хөтөлбөрийн шинэчлэл. Яагаад хөтөлбөрийн шинэчлэл хийх ёстой вэ гэхээр XXI зуун, аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалд амьдрах Альфа монгол иргэнийг бэлтгэхэд өнөөдрийн цөм хөтөлбөр цаашаа явахад учир дутагдалтай байгаа. Хүүхдийг ганцхан академик мэдлэг олгодог, амьдралд бэлдэх биш шалгалтад бэлддэг тогтолцоо болчихоод байна. Өнөөдрийн байгаа энэ цөм хөтөлбөрөөр явахад үзэж байгаа хичээлийн тоо их, ачаалал өндөр байна. Тиймээс хүүхдүүд энэ хөтөлбөрөөр олж авсан мэдлэгээ амьдралд хэрэгжүүлдэг, чадвар болгодог энэ чадварыг монгол хүүхдүүдэд суулгаж чадахгүй байгааг харсан учраас хөтөлбөрийн шинэчлэл хийе. Хүүхдийг шалгалтад биш амьдралд бэлддэг боловсролын тогтолцоотой болохыг зорьсон.

Хоёрдугаарт, багшийн хөгжил. Боловсролын сайн чанар багшаас шалтгаална. Тиймээс багш дээр гурван тулгуурт бодлогыг хийе. Хэнийг багш болгох, ямар хөтөлбөрөөр багшийг бэлдэх, багш өөрөө ажлын байран дээр очоод тасралтгүй хөгжих багшийн хөгжлийн үндэсний тогтолцоог яаж бий болгох вэ.

Гуравт нь багшийн цалин, хөдөлмөрийн үнэлэмж, нийгмийн баталгааг боловсролын чанартай яаж уях вэ. Үр дүнд суурилсан санхүүжилттэйгээ яаж уях вэ. Хамгийн сайн багш хамгийн өндөр цалин авдаг тогтолцоо руу яаж шилжих вэ гэдэг боловсролын хоёр дахь том шинэчлэл.

Гуравдугаарт, боловсролд зарж байгаа нэг төгрөг боловсролын чанартай холбоотой байна уу. Өмнө нь нэг хүүхдийг сургаж байгаа хувьсах зардал сургуулийн барилга, урсгал засварыг санхүүжүүлдэг байсан бол шинэ тогтолцоогоор хүүхэд хаана амьдарч, сурч байгаагаас үл шалтгаалан тэгш боломжийг олгодог хувьсах зардлын тогтолцоо руу орж байгаа. Баян-Өлгийн Цэнгэл, Дорнодын Матад, Улаанбаатар хотын нэгдүгээр сургуульд сурч байгаа хүүхдийн сургалтын орчин өөр. Тиймээс энэ сургалтын орчин, ялгааг арилгахад санхүүжилтийн тогтолцоог ашиглах ёстой. Тэгэхээр гурав дахь том асуудал үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоо.

Дөрөвдүгээрт, боловсролын засаглал. Сургууль, цэцэрлэгийн удирдлагаар аймаг, сумын удирдлагуудыг тавьдаг байсныг больж мерит зарчим буюу дэвшиж ажилладаг мэргэжлийн томилгооны тогтолцооны асуудал байгаа. Энэ менежмент, цэцэрлэгийн менежментийн асуудлыг шинэ түвшинд гаргах ёстой. Хамгийн сайн сургууль гэртэй ойрхон байх ёстой. Үүнийг бид нэвтрүүлэх хэрэгтэй.

Тавдугаарт, үнэлгээ. Дүн тавьж хүүхдүүдийг хооронд нь уралдуулж, анги дэвшүүлдэг. Энэ асуудал хоцрогдсон. Тиймээс хүүхэд бүр өөрийн сурдаг орчин, хурд ондоо байдаг учраас өөрт тохирсон ахиц дэвшлийн үнэлгээнүүд байна. Тухайлбал, есдүгээр сарын 1-нд гарааны, хавар төгсөхөд нь барианы үнэлгээ гэж. Хүүхэд зөвхөн өөртэйгөө суралцах, өөртэйгөө ажиллах, бие дааж сурах боломжийг олгодог үнэлгээний тогтолцоо хэрэгтэй байна. Арванхоёрдугаар сард Монгол Улс Фисагийн үнэлгээнд анх удаа орлоо. Үүнтэй адилхан Фисагийн үнэлгээг өөрсдөдөө буулгаж Монголын боловсролын зөв тогтолцоо болгох. Ур чадвараар нь хэмжиж чаддаг үнэлгээний тогтолцоотой болох ёстой.

Зургадугаарт, цахим шилжилт. Хүүхэд бүрт жинхэнэ утгаараа хот, хөдөөгийн, төрийн болон хувийн сургуулийн ялгааг арилгахад гол үүрэг гүйцэтгэдэг нь цахим шилжилт. Хүүхэд тоглонгоо айхгүй, уйлахгүйгээр математикаа боддог, цагаан толгойн үсгээ нүдлээд сурдаг ийм технологийг бид нэвтрүүлэх ёстой. Өнөөдөр орон даяар III-IV ангид хэрэгжүүлж байгаа Финландын хүүхэд өөрөө тоглонгоо суралцдаг математикийн платформ. V-VI ангийн хүүхдүүд багшийн ур чадвараас үл хамааран англи хэл сурах, манай үндэсний компаниудын хөгжүүлж байгаа хоцрогдлуудаа нөхөх платформууд, хүүхэд өөрийнхөө түвшинг тодорхойлдог платформууд байна.

Энэ зургаан шилжилтийн хүрээнд боловсролын тогтолцоогоо шинэчилье, боловсролын шинэ сэргэлт хийе гэдэг бодлогыг зарласан. Өнөөдрийн хамгийн гол хэлэлцүүлэг хөтөлбөрийн шинэчлэлийн асуудал.

Монгол Улс сүүлийн 30 жилд 7-8 хөтөлбөрийн шинэчлэл хийсэн. Засгийн газар, сайд нар томилогдохдоо тооцоогүй, сэтгэлийн хөөрлөөр хөтөлбөрийн шинэчлэл зарладгийг болъё. Боловсролын багц хуулиар хөтөлбөрийн циклийн менежмент гээд хамгийн багадаа нэг хөтөлбөр 10-12 жил болсны дараа дараагийн хөтөлбөр рүү ордог тогтолцоо руу шилжиж байгаа. Монгол Улсад цаашид ямар хөтөлбөр хэрэгтэй вэ, дэлхийн монгол хүнийг ямар хөтөлбөрөөр бэлдэх вэ. АН-ын боловсрол, МАН-ын боловсрол гэж байж болохгүй. Монгол боловсрол, Монгол Улсад боловсролын тогтолцоо ямар байх вэ гэдэг үндэсний язгуур эрх ашиг, тусгаар тогтнолын асуудал учраас зөвлөгөөнд нийгмийн бүх төлөөллийг оролцуулж хийх гэж байгаа хөтөлбөрийнхөө үзэл баримтлалыг тайлбарлаж, зөвшилцсөн.

-Төрийн болон хувийн өмчийн сургуулийн сургалт ялгаатай байгаа. Тэр дундаа хотын төв, хотын захын сургуулийн сургалт ялгаатай байдаг. Үүнийг хэрхэн тэгш хүртээмжтэй болгох вэ?

-Манай боловсролын зургаан том сэргэлтийн бодлогын нэг нь сайн сургуулиуд гэрт ойрхон байх ёстой. Илүү орлоготой аав ээжтэй хүүхдүүд өндөр төлбөртэй хувийн сургуульд суралцдаг. Эсвэл танил талтай, арын хаалгатай нь I, 23, 18 дугаар сургуульд сураад байж болохгүй. Хүүхдүүдэд тэгш боломж олгох ёстой. Тиймээс хот, хөдөө, төр, хувийн хэвшлийн сургуулийн ялгааг арилгах. Дээрх зургаан бодлого хэрэгжиж байж боловсролын чанарын ялгаа арилна. Төрийн сургууль ч дотроо ялгаа гаргасан байна. Тухайлбал, хотын төв, аймгийн төв, сумын төв гээд. Орчинг бид тэгш болгох ёстой. Хөдөөгийн сургуульд байгалийн ухааны хичээлийн лаборатори, компьютерийн лаборатори байхгүй учраас тэгш бус байна. Тиймээс хөтөлбөрийн, үр дүнд суурилсан санхүүжилтийн, багшийн хөгжлийн, үнэлгээний, цахим шилжилт, засаглалын шинэчлэлийг хийж чадвал төр, хувийн сургуулийн ялгаа арилах хөшүүрэг болно.

-Манайхан гадна, дотны олон хөтөлбөр оруулж ирдэг. Үүнээс илүү монгол хөтөлбөр чухал байна гэдгийг эрдэмтэд хэлж байсан?

-Хөтөлбөрийг гаднаас хуулж болохгүй. Өмнө нь ч хуулаагүй байх гэж бодож байна. Хөтөлбөр монгол хүнд тохирсон, монгол хүнийг сургаж, хүмүүжүүлэх, төлөвшүүлэхэд тохирсон байх ёстой. Яагаад монгол хэлийг чухалчлаад байгаа юм бэ. Унших чадвараар бид Фисагийн үнэлгээн дээр нэлээн сүүл барьсан. Унших чадвар гэдэг хүүхэд эх хэлээрээ уншиж чадаж байна уу. Уншсанаа ойлгож байна уу, ойлгосноо амьдралд хэрэгжүүлж чадаж байна уу. Энэ чадварууд сууж чадахгүй байна гэдгийг харлаа. Тиймээс Альфа үеийнхэн монгол хүн байх ёстой. Монгол хэлээрээ хэлд ордог, монгол хэлээрээ сэтгэдэг монгол хүн байна уу гэхээс биш англиар ярьдаг монголоор ярьж, сэтгэж чаддаггүй хүнийг монгол хүн гэж хэлэхэд хэцүү. Үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолын асуудал нь хөтөлбөр. Тиймээс хөтөлбөрийн хэлэлцүүлгийг аль нэгэн нам, засаг өмчлөх асуудал биш.

-Та саяхан зудтай аймгуудаар ажиллаад ирсэн. Нөхцөл байдал ямар байна вэ. Зудын хажуугаар хүүхдийн сурах эрх зөрчигдөж байгаа?

-Монгол Улс 160 мянган малчин өрхтэй. Үүнээс 30-аад мянган өрх бусад аймаг, сум руу оторт явахдаа хүүхдүүдээ авч явсан учраас 6500 хүүхдийн асуудал хөндөгдөж байна. Бид аль болох хүүхдийн дотуур байрных нь асуудлыг хүртээмжтэй нэмэх ёстой юм байна. Аав ээжийгээ дагаад оторт явах нь чухал биш. Тухайн сумандаа сурч буй сургуулийнхаа дотуур байранд үлдээд сурах боломжийг бид өгөх ёстой юм байна.

Отор нүүдэл хийж очсон тухайн сумын сургууль, цэцэрлэгт хүүхдүүдийг хамруулъя. Заавал өөрийнхөө амьдарч буй тойрог, сумын хүүхдүүд гэхгүй уян хатан бодлого явуулъя. Бид ЮНИСЕФ-ийн Хүн амын сантай хамтран бага ангийн хүүхдүүдэд зориулсан сонсдог радио гэсэн шинэ технологид суурилсан платформуудыг нэвтрүүлж байна.

Мөн цахимаар “Мэдлээ” сургуулиар дамжуулж хүүхдүүдийн хоцрогдлыг нөхөж байгаа. Ийм маягаар асуудалд хандах нь зөв юм болов уу гэж бодож байна. Цаашид хотод сурч байгаа хүүхдүүдийн хичээл эхлэх, дунд нь амрах, хавар хичээл төгсөх хугацааг уян хатан зохицуулмаар байна. Хотынх нэг өөр, аймгийн төвийнх нэг өөр. Яг суман дээр амьдарч байгаа хүүхдүүдийн хувьд хичээлийн жилийн эхлэх, дуусах, дундах амралтын хугацааг нүүдлийн мал аж ахуйтай улс учраас үүнд тохирсон бодлогыг хийх ёстой юм байна. Тэгэхгүй амрангуут нийтээрээ амарчихдаг. Хот, аймгийн төвийнх нь ч хохирдог байж болохгүй. Зөв уян хатан тогтолцоо хийх ёстой юм байна гэдгийг энэ зуднаас сургамж авлаа.

Рагчаагийн Оюун

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Сэтгэгдэл бичих