БНСУ-д энэ сарын 15-нд явуулах парламентын сонгуулиар орон даяар 14330 санал авах байр ажиллана гэж тус улсын Үндэсний сонгуулийн комисс өнөөдөр мэдээллээ.
“Сонгогчдын ирцийг нэмэгдүүлэх үүднээс санал авах байруудын 99.1 хувийг нь нэг давхарт эсвэл цахилгаан шаттай байруудад байгуулна” гэж тус комиссын мэдэгдэлд тэмдэглэжээ. БНСУ-д шинэ коронавирусийн халдварын тархалттай тэмцэж буй энэ үед парламентын сонгууль явуулах гэж буй нь энэ юм.
Сонгуулийн үеэр сонгогчдын аюулгүй байдлыг эн тэргүүнд тавих бөгөөд орох хаалган дээр тэдний халууныг шалгах аж. Мөн сонгогчид саналаа өгөхөөр хүлээх хугацаандаа бусдаасаа нэг метрийн зай барих шаардлагатай юм. Түүнчлэн саналын бүхээг, саналын тамга зэргийг халдваргүйжүүлэх ажээ.
Үндэсний сонгуулийн комисс сонгогчдыг саналаа өгөхөөр ирэхдээ амны хаалт зүүхийг зөвлөж байгаа бөгөөд “COVID-19” халдварын шинж тэмдэг илэрсэн хүмүүсийн санал өгөх боломжийг бүрдүүлэх үүднээс түр саналын бүхээгүүдийг байгуулахаар төлөвлөжээ.
БНСУ-д ням гарагт халдварын 50 орчим шинэ тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн хоёрдугаар сараас хойших хамгийн бага үзүүлэлт болжээ. Тус улсад сүүлийн гурван долоо хоног гаруйн хугацаанд өдөрт илэрсэн шинэ тохиолдлын тоо 100 орчимд хүрсэн хэдий ч сүмүүд, эмнэлгүүдэд шинэ голомт үүсэж болзошгүй байгаа тул холбогдох албаны төлөөлөгчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан хэвээр байгаа юм.
БНСУ-д өнөө өглөөний байдлаар халдварын 10284 тохиолдол бүртгэгдэж, 186 хүн нас барсан бол нийт 6598 хүн эдгэрсэн гэж тус улсын Өвчинд хяналт, тавих урьдчилан сэргийлэх төвөөс мэдээлжээ.
СӨҮЛ. /Yonhap/