Э.Бат-Үүл: Бид танк орж ирнэ гэж балайрч суусаар хамаг боломжоо алдаж байна

оруулсан Алсын Хараа

Т.САЙХАН

Улаанбаатар хотын дарга асан Э.Бат-Үүл бүсчилсэн хөгжлийн форумд оролцож байр сууриа илэрхийлжээ.  Тэрбээр "Улаанбаатар хотыг чөлөөт бүс болгохын тулд боомт хот болгох ёстой. Хоёрдугаарт, манай улс дэлхийн төмөр замын сүлжээнд нэгдэж чадаагүй. Дэлхийн төмөр замын сүлжээний 90 орчим хувь нь нарийн царигтай төмөр замын сүлжээнд орсон. Үүнд холбогдоогүй улсыг дэлхийн төмөр замын сүлжээнд ороогүй, хөгжих боломжгүй орны тоонд оруулдаг. Сая хий ачиж явсан машин дэлбэрэхэд л ямар аюултай зүйл болсон билээ. Гэтэл нийслэл хотынхоо дундуур аюултай ачаа тээврийг төмөр замаараа өдөр бүр хийж байна. Нэг тонн бүхий бензин ачиж яваа галт тэрэгний цуваа осолдоход л хот тэр чигтээ шатах аюултай. Канадын нэг хот 2013 онд газрын хөрснөөс арчигдсан. Тэр өндөр хөгжилтэй оронд хүртэл хотын дундуур нь бензин ачиж явсан галт тэрэг осолдоод хотоо шатаасан гашуун түүхтэй. Манай Улаанбаатар хотод бүх барилга байгууламж нь төмөр зам руугаа шахаад барьчихсан. Үүнээс сэргийлж НИТХ-аас 2020 он гэхэд төмөр замыг хотынхоо дундуур биш Богд Хан Уулынхаа урд талд шинэ төмөр зам тавихаар тогтоол гаргасан юм. Үүнтэй холбоотойгоор 2014 онд Бээжин хотын даргын урилгаар тус улсад айлчлах үедээ нарийн, өргөн төмөр замыг Улаанбаатар хотын өмнө "уулзуулах" боомт барих санал тавьж байлаа.   БНХАУ-ын нарийн төмөр зам, ОХУ-ын өргөн төмөр замыг шилжүүлэхийн тулд асар том терминалууд бий болдог. Үүнийг дагаад хот хөгжинө. Өнөөдөр дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй орнууд боомт хотынхоо ачаар л худалдааны чөлөөт бүсийг эрчимтэй хөгжүүлсэн. Жишээлбэл,  Австри улс хүйтэн дайны үед Зөвлөлтийн өргөн төмөр замыг Европын нарийн төмөр зам руу шилжүүлдэг улс болсноор хөгжлийнхөө гарцыг нээсэн. Манай улс азаар төмөр замын сүлжээ нь зөрсөн хоёр том хөрштэй. Бид танк орж ирнэ гэж балайрч суусаар энэ боломжоо ашиглаж чадахгүй байна" гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn 

Сэтгэгдэл бичих