Н.Учрал: Кибер халдлага олон улсад эрс өссөн

оруулсан Алсын Хараа

П.АМГАЛАН

Кибер Аюулгүй Байдлын Зөвлөлийн  хуралдааны үеэр цахим халдлага зөрчлийн өнөөгийн нөхцөл байдал, түүний эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, тулгамдаж буй асуудлын талаар ЦХХХ-ны сайд Н.Учрал мэдээлэл өглөө. Түүний байр суурийг хүргэе.

-Цахим халдлага зөрчлийн өнөөгийн нөхцөл байдал ямар түвшинд байна вэ?
-Манай улсад 2024 оны хоёрдугаар сарын байдлаар цахим орчинд 7560 гэмт хэрэг бүртгэгдсэн. Үүний 83 хувийг нь кибер залилан эзэлж байна. Мөн кибер орчинд 1512 гэмт хэрэг гарчээ. Сүүлийн үед кибер халдлага зөвхөн манай улсад ч гэлтгүй олон улсын хэмжээнд эрс өсөж байна. Тухайлбал, дэлхийн хэмжээнд өнгөрсөн онд  кибер орчин дахь гэмт хэргийн улмаас есөн их наяд ам.долларын хохирол учирсан гэх судалгаа бий. Энэ тоо 2050 онд 10 их наяд ам.долларт хүрч өснө гэж судлаачид таамаглаж байгаа.
Дэлхийн нийт иргэдийн 66 хувь нь интернэтийг идэвхтэй хэрэглэж байна. Манай улсад ч интернэт хэрэглэгчдийн тоо ихсэхийн хэрээр гэмт хэргийн тоо өссөн. Үүнийг дагаад кибер гэмт хэргийн тоо ч гэсэн өсөж байна. 2020, 2021 онуудад "dark web" буюу хар зах дээр манай улсын иргэдийн мэдээллийг 700 ам.доллараар зарж байсанд хариу арга хэмжээ авсан. Хувь хүний эмзэг мэдээллийг аялал жуулчлалын цахим хуудсаар дамжуулан авч, хар зах дээр арилжаалсан тохиолдол бүртгэгдсэн. Ийм үл үзэгдэгч дээрэмчидтэй яаж тэмцэх вэ гэдэг нь нэн тулгамдсан асуудал болоод байна.

-Кибер Аюулгүй Байдлын Зөвлөлөөс "Бод тэгээд Товш" гэсэн уриалга гаргасан. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Долоо хоногт 40-50 мянга, өдөрт 4-5 мянган цахим халдлага Монгол руу чиглэж байна. Төр, хувь хүн рүү хортой кодоор дамжуулан халдаж байна. Мөн иргэд кибер залиланд өртөж байна. 7560 гэмт хэргийн 80 хувь нь энэ төрлийн гэмт хэрэг байна. Хар зах дээр нэр бүхий зарим арилжааны банкны мэдээлэл алдагдаж, хүмүүсийн мэдээллийг зарж байсанд хариу арга хэмжээ авсан. Дуудлагын төвд 910 дуудлага ирж, иргэд 2.9 тэрбум төгрөгийн кибер залиланд өртсөн байна. Үүний 1.7 тэрбум төгрөгийг зарцаасан. Хууль хяналтынхан иргэдээс гомдол ирвэл шууд арга хэмжээ авч байгаа. Тиймээс иргэд цахим хаяг, банкны аппликейшн руу нэвтрэхдээ "strong password" буюу хүчирхэг нууц үг үүсгэх хэрэгтэй. Янз бүрийн хортой код агуулсан линкүүд дээр дарахгүй байхыг анхааруулъя.

-Хурлаар кибер халдлагад өртсөн иргэдийн хохирлыг барагдуулах ажлын хэсэг байгууллаа. Иргэдээ кибер халдлагаас хамгаалахын тулд хэрхэн анхаарч  ажиллах вэ?
-Ажлын хэсэг хувь хүний эмзэг болон хувийн мэдээллийг алдсан байж болзошгүй тохиолдол бүрийг шалгаж дараагийн Зөвлөлийн хурал дээр танилцуулна. Иргэдийн нэр, гар утасны дугаарыг зарж байна. Эрүүл мэндийн салбар дээр ч анхаарах асуудлууд байна. Эрүүл мэндийн цахимжилтыг эрчимжүүлэхээр ажиллаж байсан программ, хангамжийн компаниуд хувь хүмүүсийн мэдээллийг алдсан байж болзошгүй асуудлууд гарсан. Үүнийг нотлох баримтаар илрүүлж, баталгаажуулахаар ажлын хэсэг ажиллана. Төрийн зүгээс кибер халдлагатай тэмцэж, соён гэгээрүүлэх ажлыг хийж байгаа.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2024 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 13. ЛХАГВА ГАРАГ. № 48 (7292)

Сэтгэгдэл бичих