Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбоотой “Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форумыг энэ сарын 14-нд зохион байгуулна.
Форумын үеэр Улаанбаатар хот хөгжлийн загвараа яаж сонгох, боломж бололцоо, сул тал юунд байгаа болон давуу талаа бусад аймаг, бүстэйгээ хэрхэн хамтарч ашиглах талаар, нийслэлийн засаг захиргааны шинэчлэлийг хэлэлцэнэ.
Энэ оны долоодугаар сард болох “Монголын Эдийн засгийн форум 2024”-ын хүрээнд зохион байгуулж байгааг Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг мэдээлэв. Тэрбээр ярихдаа, “Зарим дүүрэг 5000 гаруй хүнтэй байхад зарим нь 400-500 мянган хүн амтай байна. Ийм их хүн амтай дүүргийн иргэд төрийн үйлчилгээ авахад удаан, хүнд суртал бий болдог тул засаг захиргааны нэгжийн хуваарилалт Улаанбаатар хотын нийгэм, эдийн засгийн амьдралд хэрхэн нөлөөлж байгааг дүгнэн, ямар байдлаар шинэчилвэл эдийн засаг, нийгэм, дэд бүтцийн сэргэлтэд нөлөөж болохыг хэлэлцэнэ. Мөн дагуул хотын талаар ярилцана. Улаанбаатар хотыг тэлэх хүрээнд Төв аймагтай холбогдох “Шинэ Зуунмод” дагуул хотын төлөвлөлтийг хэлэлцэх юм. Дагуул хот бол ажлын байр, шинэ бизнесийн орчныг бий болгох давуу талтай. Бид дэд бүтцийн хомсдолтой. Энэ нь эдийн засгийг боомилж буй гол хүчин зүйлийн нэг. Хотын захын бүсийг барилгажуулахад эрчим хүч, дулаан, гадаргын усны эх үүсвэрийн хомсдол үүсдгийг том зургаар нь харах юм. Мөн хүнсний аюулгүй байдал, хангамж, логистикийг шийдэхгүйгээр нийслэлийн хотын тогтвортой хөгжлийг ярих боломжгүй. Иймд дээрх дөрвөн сэдвээр олон улсын байгууллага, эрдэмтэн, судлаачдын байр суурийг сонсож, хувийн хэвшлийн оролцоог нээж өгөх чухал шийдэл гаргахаар төлөвлөж байна. Эдгээрт холбогдох хуулийн төслүүдийг боловсруулж байна” гэлээ.
Форум нь нийгэмд ойлголцол, зөвшилцлийг бий болгох, тодорхой шийдлийг тал түрээс нь хэлэлцэх зорилготой. Асуудлаа ил гаргаж, тал бүрээс нь хэлэлцээд, боломжит шийдлээ ярилцах эхний алхмыг хийнэ. Иймд бизнесийн болон олон нийтийн байгууллагыг тус форумд оролцохыг “Монголын Эдийн засгийн форум” НҮТББ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Ганхуяг урив.
“Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форумаар хэлэлцэх “Засаглал”, “Дагуул хот”, “Дэд бүтэц, эдийн засгийн сэргэлт”, “Эрүүл аюулгүй орчин, хүнсний хангамж” гэх дөрвөн сэдвээс гадна Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг танилцуулах аж.