Т.САЙХАН
УИХ-ын хаврын чуулганыг гуравдугаар сарын 18-ны даваа гарагт нээхээр бэлтгэл хангаж байна. Намрын чуулган хаалтаа хиймэгц, 126 гишүүнтэй болох бэлтгэл хангаж засварын ажил эхлүүлээд байгаа. Энэ ажилд 2024 оны төсөвт УИХ-ын даргын багцад 22 тэрбум төгрөг төсөвлөсөн бөгөөд тус санхүүжилтээр нэгдсэн чуулганы хуралдааныг засварлаж, 126 гишүүн суух боломжтой болгох юм. Мөн гишүүдийн санал өгдөг төхөөрөмжийг шинэчилж, 350 орчмыг шинээр авахаар болжээ. Түүнчлэн нэг гишүүн нэг туслах, нэг зөвлөхтэй ажиллах юм байна. Тэгэхээр ирэх жилийн төсөвт нэмэгдэж буй 50 гишүүний цалин хангамжаас гадна нэг туслах, нэг зөвлөхийн цалинг тусгажээ.
Мөн энэ хаврын чуулганаар 44 хууль, тогтоолын төсөл хэлэлцэхээр байгаа бол гурван асуудлаар хянан шалгах сонсгол зохион байгуулахаар төлөвлөөд байгаа. Үүнд 126 гишүүнтэй болсонтой холбоотойгоор УИХ-ын тухай хууль, УИХ-ын дэгийн тухай хуулиудын өөрчлөлтийг хэлэлцэн батлах юм. Учир нь гишүүдийн тоо нэмэгдэж байгаа учраас чуулганы дэгд тодорхой хэмжээний өөрчлөлтүүдийг хийх юм.
Эх сурвалж:www.polit.mn