Манай улс 16 хүртэлх насны бүх хүүхдэд төрийн болон орон нутгийн бүх музейгээ үнэгүй үзүүлдэг. Хүүхдүүд ангиараа, найзуудаараа, ганцаараа хэдийд ч дуртай музейгээ хэдэн ч удаа үзэж болно.
Тиймээс жил бүрийн гуравдугаар сарын эхний 7 хоногт болдог “Музейн нээлттэй өдрүүд”-ээр том хүмүүстэй шахцалдан музей үзэх шаардлагагүй юм.
Соёлын сайдын тушаалаар төрийн өмчийн бүх музей гуравдугаар сарын 1-5-нд иргэдэд үнэ төлбөргүйгээр үүдээ нээдэг. Энэ үеэр нийслэл, орон нутаг дахь бүх музейн ачаалал хэт ихсэж, үзмэрийн хадгалалт, хамгаалалт алдагдах эрсдэл тулгардаг. Бүтэн жилийн хугацаанд музей үздэг хүний тоотой тэнцэх хэмжээний хүн ганцхан өдөрт музейд шавж, маш их ачаалал үүсгэдэг байна. Тухайлбал, 2023 оны “Музейн нээлттэй өдрүүд”-ээр улсын хэмжээнд 174.512 хүн музей үзжээ. Үүний 30 хувь нь хүүхэд байжээ.
Хэт олон хүнтэй үед хүүхдээ музейд дагуулж ирэх нь хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд сөрөг нөлөөтэй. Иймд эцэг эхчүүд, багш нар “Музейн нээлттэй өдрүүд”-ээс бусад өдрүүдэд хүүхдээ дагуулж ирвэл зүйтэй гэдгийг албаныхан хэлж байна. Хүүхдүүд музей үзсэний дараа “Музейд суралцахуй” боловсролын хөтөлбөрт хамрагдаж, түүх, соёлын ертөнцөөр илүү тухтай аялж чадна гэдгийг тодотголоо.