Монгол Улсын Засгийн газраас хаваржилт хүндэрч, зудын байдалтай болсонтой холбогдуулж өнгөрсөн долоо хоногт гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн. Хаваржилт хүндэрсэн аймаг, сумдад тусламж үзүүлэх долоон шуурхай бүлгийг байгуулж, сайд нар ахлан орон нутагт ажилласан.
Энэ хүрээнд Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяраар ахлуулсан шуурхай бүлэг хангай бүсийн (Өвөрхангай, Архангай, Баянхонгор) өвөлжилт хүндэрсэн, аймаг, сум, малчны хотонд ажиллах томилолт өчигдөр дууслаа. Ажлын хэсэгт Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, ЭМЯ-ны сайд С.Чинзориг, Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай зэрэг бусад шуурхай бүлгийн гишүүд оролцов. Ажлын хэсэг Баянхонгор аймгаас томилолтоо эхлүүлсэн юм.
Тус аймгийн өвөлжилт хүндэрсэн Бууцагаан, Хүрээмарал, Баянбулаг, Баянхонгор аймгийн төв, Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан, Хужирт, Хархорин, Бүрд, Архангай аймгийн төв, Төвшрүүлэх Ихтамир, Эрдэнэмандал, Хайрхан, Өгийнуур зэрэг суманд ажиллалаа. Энэ үеэр цас их орсны улмаас зам нь хаагдсан, өвөлжилт хүндэрсэн малчны хот, сум, аймгийн төвүүдэд хүрч, нөхцөл байдалтай танилцаж, өвс, тэжээл, эмнэлгийн тусламж дэмжлэг үзүүлэв. Мөн цас орж зам нь хаагдан явах боломжгүй болсон малчин айл өрхүүд рүү зам гаргаж өгсөн юм. Энэ үеэр малчид гар дээрээ мөнгөгүй, малд өгөх өвс тэжээл байхгүй, хүн хүч муу энэ цаг үед төрөөс шийдвэр гаргаж ирж байгаа нь сэтгэл санааны их дэмжлэг болж байна. Цагаан сараас хойш хүний бараа хараагүй, хэдэн сар сумын төв рүүгээ орж чадахгүй нөхцөл байдалтай байсан. Цаашаа илүү их хичээнэ дээ гэдгийг хэлж байв.
“ӨВС ТЭЖЭЭЛГҮЙ, МӨНГӨГҮЙ, ЗЭЭЛТЭЙ, СЭТГЭЛ САНААНЫ ХУВЬД ХҮНД БАЙДАЛТАЙ БАЙНА”
Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр “Манай шуурхай бүлэг Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгийн 20-иод сум, арав гаруй малчны хотонд хамгийн хүнд цэгүүдэд хүрч ажиллалаа. Үнэхээр нөхцөл байдал хүнд байна. Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгээс гаргасан албан ёсны үнэлгээ дүгнэлтээр Монгол Улсын 80 гаруй хувь, 192 сум зудын эрсдэл өндөр байна гэсэн дүгнэлт гарсан. Өнөөдөр үүсээд буй нөхцөл байдал аймаг, орон нутгийн түвшингээс хальсан байна. Малчид санхүүгийн хувьд хямарч 140 гаруй малчин зээлтэй байна. Тиймээс орны хэмжээнд болж буй цаг үеийн хүндрэлтэй нөхцөл байдалд Засгийн газар, орон нутаг хамтран ажиллаж, хохирол багатай даван туулъя гэсэн шийдвэр гаргасан. Энэ хүрээнд өвөлжилт хүндэрсэн аймаг, сум, малчны хотонд хүрч ажиллаж, эхний ээлжинд үзүүлэх тусламж дэмжлэгийг газар дээр нь хүргэх, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааг нэгтгэх, зорилготой ажиллалаа.
Бүх аймаг, сумын малчид гар дээр бэлэн мөнгөгүй болсон, 2-10 сая төгрөгийн зээлтэй байна. Мөн өвс тэжээл болон бэлчээрийн асуудал тааруу байна гэдгийг хэлж байна. Баянхонгор аймгийн хувьд өвөлжилт нийтээрээ хүндэрсэн байдал нь харьцангуй гайгүй. Харин хангайн бүсийн сумын өвөлжилтийн нөхцөл байдал нэлээд хүндэрсэн байна. Өвөрхангай аймгийн баруун талын сумдаар ажилласан.
Цас нь алаг, цоог байна. Малын хорогдол нь онцгой эрсдэлтэй байгаа таван аймгийг бодоход харьцангуй бага. Гэхдээ яг газар дээр нь очиход өвс тэжээлгүй, мөнгөгүй, зээлтэй, сэтгэл санааны хувьд хүнд байдалтай байна. ЭМЯ-ны сайд Чинзориг Өвөрхангай аймгийн урд сумдаар ажилласан. Өвөрхангай Баруунбаян-Улаанд суманд нэг малчин өрх 450 гаруй төл авах байсан ч бүх ямаа нь хээл хаясан хүнд нөхцөл байдалтай байна.
Монгол Улсын хэмжээнд Сүхбаатар, Хэнтий, Дорнодын урд хэсэг, Дорноговь, Төв аймгийн гол хэсэг, Архангай аймаг онцгой эрсдэл бүрдсэн. Архангай аймагт олон удаагийн зуд болж байсан ч түүхэндээ арваннэгдүгээр сарын сүүлээс эхлээд хотондоо малаа бэлчээрт гаргахгүй тэжээж байгаагүй гэдгийг малчид хэлж байна.
Эрдэнэмандал суманд гэхэд 25 удаагийн давтамжтай цас орсон, хорогдол ихтэй, зам хаагдсан байна. Улсын хэмжээнд 16 аймагт Батлан хамгаалах яамны харьяа ангийн байгууллагуудаас 120 гаруй техник ажилласан. Архангай аймагт гэхэд арав гаруй машин техник зам гаргахад ажиллаж байгаа ч хүрэлцэхгүй байна. Тиймээс үүсээд буй нөхцөл байдлыг хамтын хүчээр давах ёстой. Ийм зорилгоор шуурхай ажлын бүлэг гурван аймагт ажиллалаа. Мөн цаг эрт, хүйтэн байгаа учраас дараагийн өвс тэжээлийн нөөцийг хэрхэн бүрдүүлэх вэ, хаана ямар асуудлууд байна гэдгийг малчны хот, сум, орон нутгийн онцгой комиссоос саналыг нэгтгэж авсан. Засгийн газрын хуралдаанаар бүсүүдэд ажилласан шуурхай бүлгүүд саналаа тайлангаа нэгдсэн байдлаар хэлэлцэж, танилцуулна. Бидний оруулах санал дээр үндэслэн Засгийн газар, УОК-ын шийдвэрүүд гарна” гэлээ.
“ГАДНЫ УЛС ОРНООС ДЭМЖЛЭГ ТУСЛАЛЦАА АВАХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА”
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг "Бүх аймаг, сумдад нөхцөл байдал адилхан дүр зурагтай байна. Ховор тохиолдож байгаа гамшиг, нөхцөл байдлыг даван туулахын тулд Засгийн газар бүх хүчин чадлаараа ажиллаж, сайд нараараа ахлуулан шуурхай бүлгүүдийг ажиллуулсан. Засгийн газраас зудын нөхцөл байдлыг олон улсад танилцуулах, гадны тусламж дэмжлэг авах үүргийг надад өгсөн.
Мөн би үндэсний хэмжээний том хүмүүнлэгийн байгууллага болох Монголын Улаанзагалмайн нийгэмлэгийн ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа. Зудын нөхцөл байдалд гадны улс орноос дэмжлэг туслалцаа авах ажлыг зохион байгуулж байгаа. Одоогоор хоёр сая ам.долларын хандив тусламж цуглуулсан. Үүнийг малын шим тэжээлийн багц, малчдад бэлэн мөнгө олгох тусламж хэрэгжээд явж байгаа.
Орон нутагт ажиллахад аймаг, сумдын дэвшүүлж буй санал, асуудлууд төстэй байна. Тухайлбал, зудын эрсдлээс гадна сум орон нутагт тулгарч байгаа бэрхшээл, төрийн хууль Засгийн газрын шийдвэрүүд орон нутагт анхан шатанд хэрэгждэггүй байдал зэргийг хэлж байна. Мөн залуу малчдыг дэмжих бодлого, залуу төрийн албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдэх, хүүхэд, оюутнуудын амралтыг хот, орон нутаг гэж ялгаатай байлгах, бүх аймаг сумдад зам гаргах туулах чадвар бүхий автомашин, бүх сумын эмнэлэгт автомашин хэрэгтэй, эмнэлгийн үйлчилгээ болон эмийн хангамж дутагдалтай байгааг шийдэж өгөх хэрэгтэй байна зэрэг саналыг хэлсэн” гэв.
П.АМГАЛАНБАЯР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин