Японы мэргэжлийн сүмо бөхийн холбооны Гүйцэтгэх зөвлөл хуралдаж, залуу бөхчүүдийг дэглэсэн Хокүсэйхо А.Даваанинж, түүний багш Миягино ояката нарыг шийтгэсэн билээ.
Тэгвэл холбооны хэвлэл, мэдээлэл хариуцсан ояката Шибатаяма сэтгүүлчдэд “Багшийн үүргээ биелүүлж чадаагүй Миягино оякатаг хоёр зэрэглэл бууруулж, гурван сарын хугацаатай цалингийн 20 хувиар торгох шийдвэр гаргасан. Миягино ояката буруугаа хүлээсэн. Зэрэглэл бууруулна гэдэг нь Сүмогийн холбооны долоон шийтгэлээс халах, зодог тайлуулахын дараа гуравдугаарт ордог хүнд шийтгэл.
Зөвлөлийн хуралдаан дээр Миягино оякатаг сүмогийн холбооноос гаргая гэсэн бодолтой хүн ч байсан. 45 түрүүлсэн алдарт аваргад ийм хатуу шийтгэл оноосон нь түүнийг сүмогийн түүхэнд үлдээсэн алдар гавьяандаа ялагдалгүй, улам хичээгээсэй гэж үзсэнийх юм.
Мөн түүнийг дэвжээ удирдах мэдлэг, чадвар дутагдалтай гэж үзсэн тул Хаврын тэмцээнд “Исэгахама”-гаас ояката тус дэвжээг удирдана. Дөрөвдүгээр сард ч гэсэн тус гал “Миягино” дэвжээг авч явах болно. Тодорхой зүйлийг Сүмогийн холбоо, “Исэгахама” гал хоёр шийдвэрлэх болно” гэжээ.