М.Гал-Арив: Бүсчилсэн тойрогт МАН ялах магадлалтай

оруулсан Алсын Хараа

УИХ-ын 2024 оны сонгууль хэдхэн сарын дараа болох гэж байна. Уг сонгууль дараах гурван онцлогтой.

Үүнд:

Нэгдүгээрт, Бид түүхэндээ анх удаа УИХ-ын 126 гишүүн сонгоно.

Хоёрдугаарт, Түүхэндээ хоёр дахь удаагаа холимог системээр сонгууль зохион байгуулна. УИХ-ын 2012 оны сонгууль яг ийм хэлбэрээр зохион байгуулагдаж байсан.

Гуравдугаарт, Мөн түүхэндээ анх удаа УИХ-ын сонгуулийн тойргийг бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулах гэж байна.

Өөрөөр хэлбэл өрсөлдөөний дүрэм тодорхой болжээ. Энэ тохиолдолд хэнд давуу байдал байна вэ? Ер нь УИХ-ын 2024 оны сонгуульд аль нам, эвсэл ялалт байгуулах магадлал өндөр вэ? гэсэн асуултанд хариулт өгч, дүн шинжилгээ хийх боломжтой болсон гэсэн үг.

Гэхдээ энэ асуултанд хариулахын өмнө түүх сөхөх хэрэгтэй. 1990 оны ардчилсан хувьсгалын үр дүнд БНМАУ-ын Үндсэн хуулинд байсан: “Бүгд Найрамдах Монгол Ард Улсын төр нийгмийг удирдан чиглүүлэгч хүч бол бүхнийг ялагч марксист, ленинист онолыг үйл ажиллагаандаа удирдлага болгодог Монгол Ардын Хувьсгалт Нам мөн." гэсэн заалтыг авч хаясан.

Гэвч тус намыг хааж, тарааж, хориглоогүйгээр үл барам хатуу гишүүнчлэл бүхий, улс орны засаг захиргааны нэгж бүрт салбартай, Зөвлөлт маягийн нүсэр том бүтцийг яг тэр чигээр нь үлдээсэн юм. Ингэснээр улс төрийн намуудын гарааны тэгш өрсөлдөөн огт болоогүй, болох ч боломж үгүй болсон билээ. Мөнгө гэх капитилист нийгмийн “ид шид”-тэй хөдөлгүүрийн үр дүнд Монгол Ардын Намын уг нүсэр бүтэц өдгөө улам хүчтэй, улам бат бэх болжээ. Товчхондоо бол УИХ-ын аливаа сонгуульд сонгогчдын 27-30 хувь нь ямар ч эргэлзээгүй МАН-ын төлөө саналаа өгөх бөгөөд чухам энэ нь л мөнөөх бүтцийн хийх ёстой хамгийн гол үүрэг нь юм. Эдгээр МАН-ыг хатуу дэмжигчдийн дийлэнх нь 2000-аад оны дунд үе хүртэл социалист нийгмийнхээ сайн сайхныг санагалзсан ахмад настнууд байсан бөгөөд явцын дунд асар их санхүүжилтээр тэжээгддэг сүлжээ болон хувирчээ. УИХ-ын сүүлийн хоёр сонгуулийн үр дүнг жишээ болгон авч үзье. МАН УИХ-ын 2016 оны, УИХ-ын 2020 оны сонгуулиар 62, 65 суудал авч үнэмлэхүй олонхи болсон. Ингэхдээ 2016 онд 45.2, 2020 онд 44.9 хувь буюу нийт бүү хэл сонгуульд оролцсон сонгогчдын талынх нь саналыг ч авч чадаагүй.

Мэдээж уг үр дүнд санал гээгддэг мажоритар системийн онцлог нөлөөлсөн ч хамгийн гол нь хатуу дэмжлэгээ багцалж чадсан явдал шийдвэрлэх ач холбогдолтой байв. УИХ-ын 2020 оны сонгуулийн өмнө МАН сонгуулийн тойргийг томсгох шийдвэр гаргасан юм. Энэ нь өөрийнхөө авдаг мөнөөх багц саналынхаа үнэ цэнийг өсгөх зорилготой байлаа.

Жишээлбэл, УИХ-ын 2020 оны сонгуульд Сүхбаатар дүүрэг гурван мандаттай нэг тойрог байв. МАН-ын гурван нэр дэвшигч ямар ч эргэлзээгүйгээр намынхаа багц санал буюу 30-35 хувийн саналыг авна. Харин түүнээс бусад бүх нам, эвсэл, бие даагчид ердөө л санал хуваагчид болж хувирдаг. 2020 оны сонгуульд гэхэд л МАН, АН-аас гадна МАХН, ИЗНН, МУНН-ын “Та, бидний эвсэл”, “Шинэ” эвсэл, ХҮН, ЗЁН, МСДН-ын “Зөв хүн Электорат” эвсэл, Т.Ганболд тэргүүтэй бие даагчдын нэгдсэн хөдөлгөөн гээд улс төрийн дөрвөн том хүчин оролцсон. Эдгээр дөрвөн блок улсын хэмжээнд тус бүрдээ 200-300 мянга орчим санал авсан бөгөөд хамгийн хорлонтой нь бүгд л тухайн тойргийнхоо мандатын тоонд тулгаж, нэр дэвшүүлжээ. Заавал АН-ыг ч юм уу? ШИНЭ эвслийг ялуулна, та нар сонгуульд битгий оролц гэх нь утгагүй. Тэгэхдээ улс төрийн хүчин биелэх боломжтой тодорхой зорилт дэвшүүлж, түүнийхээ төлөө сонгуульд оролцох ёстой. Уг онолоор бол эдгээр дөрвөн хүчин хоорондоо тохиролцож, ялах магадлалтай нэр дэвшигчдийнхээ тойргийг зөрүүлж дэвшүүлэх гэх мэт тодорхой зөвшилцөлд хүрвэл амжилт гаргах магадлал нь ихсэх нь зүй. Гэвч харамсалтай нь тэд ердөө санал хуваахын төлөө мэт л сонгуульд оролцож, МАН-ын ялалтыг бататгадаг. Мөнөөх Сүхбаатар дүүрэгт гэхэд л ялалт байгуулсан МАН-ын Ц.Мөнхцэцэг, түүний дараа орж, ялагдсан АН-ын Р.Амаржаргал нарын саналын зөрүү 5000 орчим. Тэгвэл эдгээр санал хуваагчид дунд нэгэн эвслээс нэр дэвшсэн, АН-ын угшилтай эмэгтэй бий бөгөөд түүний авсан санал мөн л 5000 орчим байх жишээтэй.

Өөрөөр хэлбэл зөвхөн тэр эмэгтэй нэр дэвшээгүй байсан бол л Р.Амаржаргал Ц.Мөнхцэцэгийг ялах магадлалтай байсан гэсэн үг. Гэтэл тухайн тойрог дахь АН-ын нэр дэвшигчдэд нийт дөрвөн блокоос нэр дэвшсэн 12 санал хуваагч оногдож байсан юм. Чингисхаан гэх лайвчин залуу, Дэлхийн Монгол Нам энэ тэр гэсэн 10-аад жижиг нам, бусад бие даагчдыг эс тооцоод шүү дээ...

УИХ-ын 2024 оны сонгуулийн тойргийг бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулж явуулахаар болсон. Уг саналыг гаргасан эрх баригчид: “Хөгжлийн нэг төвтэй улсаас олон төвтэй улс болох зорилгоор бүсийн төв хотуудыг бий болгох, нийслэлийн хүн амын төвлөрлийг бууруулах, бусад томоохон газруудын хөгжлийг дэмжих зорилгоор” хэмээн тайлбарласан билээ. Мэдээж энэ бол зөөлхөн хэлэхэд гэнэн яриа. Сонгуулийн тойрог ямар хэлбэрээр зохион байгуулагдахаас хөгжил хамаардаг гэдэгт итгэх гээд үзье л дээ. Тэгвэл яагаад дийлэнхдээ жижиг мажоритар хэлбэрээр сонгууль явагдсан байхад хөдөө орон нутаг эзгүйрч, жилд л нэг аймаг татан буугдсантай тэнцэхүйц иргэд Улаанбаатар хотыг зорьж байгаа юм бэ? Орон нутаг хөгжөөд, ажлын байр, амьжиргааны чанар дээшлэх ёстой юм биш үү? Тэгвэл энэ шийдлийн ард юу байна вэ?

Шулуухан хэлэхэд МАН 2020 оны сонгуулийн аргаа бүр давуулан хийх гэж байна. УИХ-ын 2024 оны сонгуулийн тойргийг бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулснаар бие биенийхээ саналыг хуваагчдын тоо 2-3 дахин өсөж, нэг тойрогт гэхэд л 24-36 болж үржинэ гэсэн үг. Бүсчилсэн тойргийн нэг онцлог нь өөр өөр аймгуудыг нийлүүлсэн байгаа. Ингэснээр нам, эвсэл, бие даагчид гэхээс гадна аймаг аймгаараа мөн л санал хуваагдана. Жишээлбэл Архангайнхан Баянхонгорын нэр дэвшигчид, Өвөрхангайхан Архангайн нэр дэвшигчид саналаа өгөх магадлал эрс багасна. Өөрөөр хэлбэл санал байж болох бүх хэлбэрээр задарна, хуваагдана. Гагцхүү МАН-ын мөнөөх хатуу баглагдсан сонгогчид намынхаа нэр дэвшигчдэд ямар ч эргэлзээгүй саналаа өгч таарна. Энэ тохиолдолд яаж ч бодоод УИХ-ын 2024 оны сонгуульд МАН ялах магадлал л хамгийн өндөр байна.

Улс төрийн аналитикч М.Гал-Арив

Сэтгэгдэл бичих