Ерөнхий сайдад яригдаж байсан С.Зоригийг 1998 оны аравдугаар сарын 2-нд хэрцгийгээр хөнөөсөн. Энэ хэрэг илрэлгүй 26 дахь жилийнхээ нүүрийг үзлээ. Одоо бүр хоёр хэрэг болоод “салаалж” байх шиг байна. Өөрөөр хэлбэл, 1998 оны аравдугаар сарын 2-ны үдэш С.Зоригийг хөнөөсөн. Мөн 2017 оны наймдугаар сарын 4-нд уг хэргийн сэжигтэн Т.Чимгээ, Б.Содномдаржаа хоёрыг Дээд шүүхээр эцэслэн шүүсэн. Өөрөөр хэлбэл, С.Зоригийг хөнөөсөн гэх хэрэгт шүүхээс 20 жилийн ял авсан хоёр хүн өдгөө цагаадчихаад байна. “...Тэднийг эрүүдэн шүүж хэрэг хүлээлгэсэн” гэдгийг шүүх тогтоосон. С.Зоригийн төрсөн өдрөөр, 2023 оны дөрөвдүгээр сарын 20-нд дүү С.Оюун “...Анх 2016 оны аравдугаар сард энэ хэргийг шүүх рүү явах үед хэргийн материалтай анх танилцаж байсан. Анхан шатны шүүх нь арванхоёрдугаар сард болж байлаа. Тэр үед огт итгэл үнэмшилгүй байсан. Шүүх хуралдаан хаалттай болж байсан учраас гэр бүлийнх нь зүгээс эсэргүүцээд оролцоогүй. Эргэлзэж байгаагаа хэлсэн ч төрийн нууцад хамаарч байсан тул яагаад итгэл үнэмшилгүй байгаагаа хэлж болдоггүй байсан” гэсэн байдаг.
Уг нь С.Зориг амь насаа алдсаны маргааш л Монгол Улсын хууль хүчний байгууллагуудын хамтарсан ажлын хэсэг байгуулагдсан. 2015 онд Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар гарч ирэх хүртэл 10 гаруй удаагийн ажлын хэсгийн бүрэлдэхүүн уг хэргийг шалгасан байдаг. Сүүлийнх нь энэ хоёр хүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн болохыг тогтоож шүүхэд шилжүүлсэн. Гэвч тэр нь худлаа болж таараад байна.
Тухайн үед, 2016 оны нэгдүгээр сарын 16-нд УЕП-ын орлогч Г.Эрдэнэбат энэ хэргийн талаар “…Үндэслэл байсан учраас хэргийг сэргээн шалгаж байна” гэсэн товчхон хариултыг анх өгч байв. Тэрбээр МҮОНТВ-д энэ хэргийн талаар “...Ноцтой баримт илэрлээ” гэж ярилцлага өгсөн. “…Энэ хэргийн нотлох баримт дотор ил байдлаар нотлогдож байгаа олон зүйл бий. “...1998 оны аравдугаар сарын 1-ний өдөр ийм хүнийг харсан. Ийм зүс царайтай хүн С.Зоригийн гэрийг асууж, сураглаад явж байсан. Гэрийнх нь гадуур сэжигтэйгээр олон удаа эргэлдсэн. Ийм зүс царайтай хүн байсан” гээд 1998 онд мэдүүлэг өгсөн гэрчээс хуулийн дагуу дахин гэрчийн мэдүүлэг авсан. Гэрчүүдээс өөр өөр орон зай, цаг хугацаанд “...Таны ярьж байсан хүн эдгээр хүмүүс дунд байна уу” гэхээр олон хүний дундаас гэмт этгээдүүдийг эргэлзэх юмгүй зааж байсан. Хуульд заасан аргуудын нэг энэ л дээ” гэж ярьсан. Ингээд холбогдогч Ц.Амгаланбаатарыг С.Зориг агсны амьдарч байсан байрны 00-ын өрөөнд оруулж байгаад авсан бичлэгийг олон нийтэд үзүүлж байв.
Мөн Ерөнхий прокурор М.Энх-Амгалан 2018 оны аравдугаар сарын 23-нд Хууль зүйн байнгын хорооны хуралдаан дээр “…С.Зоригийг хөнөөсөн гэж гурван хүнд ял оноосон. Хуулийн хүрээнд шүүхийн шийдвэр нэгэнт гарсан. Шүүхийн эцсийн шийдвэр гарсан учраас энэ гурван хүнийг гэм буруутай гэж үзэж байгаа. Энэ хэрэг 18 жилийн дараа илэрсэн. Цаашид дахин шалгах шаардлагагүй” гэсэн. Мөн ТЕГ-ын дарга Б.Хурц 2017 оны аравдугаар сарын 26-нд “…Ц.Нямдорж гэдэг хүн сайд болох бүртээ энэ хэргийг шалгах Ажлын хэсгийг өөрчилж, нийт дөрвөн удаа тараасан байдаг. Ажлын хэсэгт ажиллаж байсан 32 албан хаагчийг сольсон. Одоо бас сайд болонгуут дахиад энэ хэрэг рүү орж байна. Аюулгүйн зөвлөлөөс гарсан зөвлөмжид энэ хэргийн ажлын хэсэгт мэргэжлийн алба хаагчид тогтвортой ажиллах ёстой гэж заасан байдаг. Улс төрийн болон бусад зорилгоор Цэндийн Нямдорж энэ хэрэгт нөлөөлж байна” гэж байв. Харин 2019 оны гуравдугаар сард ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж “…С.Зоригийг хөнөөсөн хэрэгт холбогдуулан яллагдсан хэрэгтнүүдийг эрүүдэн шүүх ажил явагдсан. 1937 оны бүх аргыг хэрэглэсэн. Энэ нь тодорхой болсон” гэж мэдэгдсэн. Удалгүй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүж буй ноцтой бичлэг “нийтийн хүртээл” болж байв. Улмаар 2021 оны хавраас энэ хэрэгтэй холбоотой олон үйл явдал болж өнгөрөв.
Шүүхээс хууль хүчний байгууллагын ажилтнуудад “...Бусдыг эрүүдэн шүүсэн” хэрэгт буруутган ял шийтгэсэн. Иймээс “...Шинээр илэрсэн нөхцөл байдал” шалтгаанаар Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Прокурор хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүх тавдугаар сарын дундуур сулласан. Ер нь бол тэр үед Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ хэрэгт ихээхэн анхаарал тавьж эхэлсэн.
Тэрбээр 2021 оны гуравдугаар сарын 8-ны өглөө Засгийн газрыг ээлжит бусаар хуралдуулж ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарын хамт Хорих 407 дугаар ангид ял эдэлж байсан Т.Чимгээтэй очиж уулзсан. Тэгэхдээ “...Шүүх ямар шийдвэр гаргасан нь бус, гагцхүү шүүн таслах үйл ажиллагааны явц хуулийн дагуу байсан эсэх нь чухал”, “...Эрүүдэн шүүсэнтэй холбоотой хэрэг Төв аймгийн шүүх, Давж заалдах шатны шүүх дамжин Улсын дээд шүүхээс буцаад байна. Шүүгч, прокурор, мөрдөн байцаагч нар эрх мэдлээ урвуулан ашигласан байж болзошгүй энэ хэрэг одоо болтол шийдэгдэхгүй байгаад анхаарах ёстой”, “....Шүүхийн байгууллага яагаад зарим хэргийг богино хугацаанд шийддэг, заримыг нь сунжруулдаг асуудлыг ч ҮАБЗ-ийн хурлаар хэлэлцүүлнэ”, “...Т.Чимгээ зөвшөөрвөл зарим бичлэг, нотлох баримтыг нууцын зэрэглэлээс гаргахаар төлөвлөсөн” гэж хэлсэн байдаг. Дараа нь 2021 оны гуравдугаар сарын 31-нд Засгийн газрын ээлжит хуралдаанаар С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийн материалыг бүхэлд нь нууцаас гаргах шийдвэрийг гаргасан. Тодруулбал, тэр нь Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт холбогдох хэргийн15 мянга гаруй хуудас материал байсан. Хэргийн материалыг нууцын зэрэгт хамруулж, 20 жил нууцлахаар болоод байжээ. Энэ агуулгаараа, нэгт “...С.Зоригийг хөнөөсөн”, хоёрт “...Тэр хэрэгт нэр бүхий хоёр хүнийг буруутгаж хилсээр ялласан” гэх хоёр тусдаа асуудал болж хувирсан. Улмаар 2023 оны эхээр, одоогоос жилийн өмнө “...С.Зоригийг хөнөөсөн хэргийг ЭЦА-ны дарга, цагдаагийн хурандаа Т.Сүхболдоор ахлуулсан ажлын хэсгийг байгуулсан байна. Уг ажлын хэсгийг ЦЕГ, АТГ, ТЕГ-ын шилдэг ажилтнуудаар бүрдүүлжээ” гэсэн мэдээлэл тарсан. Гэвч Т.Сүхболд 2023 оны есдүгээр сард ЦЕГ-ын даргаар томиогдсон. Түүнтэй зэрэгцээд “...Ахалж байсан ажлын хэсэг нь ахиц гаргасан уу” гэдэг асуулт босож ирсэн. Гэвч ямар нэг хариултгүй өнөөдрийг хүрч байна.
Гэхдээ өнгөрсөн жилийн бараг өдийд, цагаан сарын өмнөхөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МҮОНТВ-ээр ярилцлага өгөхдөө энэ хэргийн талаар маш ноцтой мэдэгдлийг хийсэн. Тэгэхэд тэрбээр “...Тоймлоод ярихад С.Зоригийг хөнөөсөн хэрэг “Эрдэнэт”-тэй холбоотой л асуудал байдаг. Гайхахаар байгаа биз. 1998 он буюу 25 жилийн өмнөхийг буцаагаад ухраагаад яг тэр үеийн баримт бичгүүдийг нь үзэхэд “Эрдэнэт”-д онцгой дэглэм тогтоочихсон байдаг.
Тэр үед С.Зориг Дэд бүтцийн сайд байсан. “Эрдэнэт”-ийн удирдлага солигдох процесс явж байсан. Гэтэл тэнд зөрчлүүд үүссэн. Мэдээж, би мөрдөн байцаагч биш шүү дээ. Гэхдээ ЗГХЭГ-ын даргаар ажилласан, Ерөнхий сайдаар ажиллаж байгаа хүний хувьд логик дарааллыг нь ингээд хөөвөл нөгөө л баялгийн тэмцэл болно. Энэ хэрэг олон жил их ээдрээтэй явж байна. Би бол дотроо,“...Одоо бид нарын яриад байгаа авлигалын том системийн эхлэл нь тэнд тавигдаж байсан юм биш байгаа даа” гэж боддог юм. Нэг бол ...“С.Зориг нас барснаар, алагдсанаар тэр 1998 оны аравдугаар сарын 2-ны өдөр шинэ тогтолцооноос гарч, өөр тогтолцоо руу ороод, харьцангуй системтэй явж байсан тэр цаг үе өөрчлөгдсөн юм биш байгаа” гэж боддог. Тэр цагаас хойш системийн авлигал гэдэг юм явсан юм биш байгаа гэж боддог юм” гэж ярьсан юм. Түүнээс хойш бүтэн жил өнгөрчээ...
Б.ГАРЬД
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин