Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс ногооны автобусны гэх хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, прокурорын байгууллагад шилжүүлсэн. АТГ-ын шалгалтын явцад ногоон автобуснуудыг үйлдвэрийн технологийн бус аргаар угсарч хийснийг тогтоожээ. Нийт хохирлыг 134.5 тэрбум төгрөг гэж үнэлсэн бөгөөд үүнээс мөрдөгч 11.9 тэрбум төгрөгийг төлүүлж, 71.7 тэрбум төгрөгийн хөрөнгийг битүүмжлээд байгаа талаар мэдэгдсэн.
Тэгвэл ногоон автобусны худалдан авалтыг шүүмжилж байсан “Эрдэмтранс” ХХК-ийн ерөнхий захирал Я.Эрдэмбилэгийг залилах гэмт хэрэгт сэжиглэж, эрэн сурвалжлаад долоо хонож байна.
ЦЕГ-аас гаргасан тодруулахад, түүнийг залилах, хуурамч бичиг баримт үйлдэх, ашиглах, мөнгө угаах зэрэг гэмт хэрэгт эрэн сурвалжилж байна. Түүний олдсон гэх мэдээлэл ирээгүй байна гэлээ.
Өнгөрсөн оны аравдугаар сард ногоон автобусны тендер хууль бус байсан, Вьетнамд үйлдвэрлэсэн, сэлбэг нь хуучин байсан талаарх уулзалтын бичлэг задарч, олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн. Тухайн бичлэгт "Эрдэмтранс" ХХК-ийн ерөнхий захирал Я.Эрдэмбилэг, Автобусуудыг оруулж ирж буй улс төрчид, голлож байгаа Ж.Сүхбаатар сайд, оруулж ирсэн компани бүгдээрээ асуудалд орж нэгнийх нь карьер унаж, нөгөө нь асуудалд орно гэдгийг анхааруулж байсан юм.
Түүнийг одоо Улаанбаатар эсвэл орон нутагт орогнож байгаа гэж сэжиглэж байгаа бөгөөд баттай сураг гаргасан хүний мэдээлдийг нууцална гэжээ.