Автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй

оруулсан Алсын Хараа

Автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах дугаарын хязгаарлалт өнөөдрөөс үйлчлэхгүй.

Хүйтний эрч чангарч, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдсэн тул 12 дугаар сарын 18-наас нэгдүгээр сарыг дуустал автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт хийсэн. Холбогдох байгууллагуудаас тус зохицуулалтын хугацааг сунгах хүсэлт ирүүлсний дагуу иргэдээс цахимаар санал авсан юм. Санал өгсөн 8000 гаруй иргэний 56 хувь нь сунгахыг дэмжээгүй учир олонхын саналыг үндэслэн автомашины дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулах зохицуулалтыг цуцалжээ.

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг, “Тэгш, сондгойгоор зорчуулахад өдөрт 250-270 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцсон бол зохицуулалт үйлчлээгүй амралтын өдрүүдэд 400 мянга гаруй тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байв. Урт хугацааны шийдэл нь метро, их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл юм. Нийслэлд 700 мянга гаруй тээврийн хэрэгсэл бүртгэлтэйгээс 400 мянган нь хөдөлгөөнд оролцоход тэг зогсоход хүрч байна. Автобусны тоог нэмснээр асуудал шийдэгдэхгүй. Одоогоор 350 гаруй жолооч дутагдалтай байна. Асуудлыг дунд, богино хугацаанд шийдэхээр ажиллаж байгаа” хэмээв.

Улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах зохицуулалтыг хийснээр камерт бүртгэгдсэн тээврийн хэрэгслийн тоо 41, хөдөлгөөн зохицуулалт 40, зам тээврийн осол 31, замын хөдөлгөөний саад 65 хувиар буурчээ. Судалгаагаар хичээл орж байх үед тээврийн хэрэгслийн тоо 19.1, хөдөлгөөн зохицуулалт 8.4 хувиар өссөн байв. Цагаан сар болох гэж буйтай холбоотой зах, худалдааны төв рүү чиглэх хөдөлгөөн нэмэгдэж, амралтын өдрүүдэд хөдөлгөөн зохицуулалт 26.1 хувиар нэмэгджээ.

Сэтгэгдэл бичих