АНУ-ын Цахиурын хөндий дэх дэлхийн шилдэг компаниудын монгол мэргэжилтнүүд Цахим хөгжил хариуцсан сайдын дэргэд технологийн зөвлөл байгуулан, нэгдэн ажиллахаар болжээ.
Google-ийн ахлах инженер, SalesForce-ийн бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн захирал, Стэнфордын их сургуулийн Бизнесийн сургуулийн захирал, Microsoft-ын инженер, фэйсбүүкийн систем хөгжүүлэгчид, “Оракл”, “Амазон”-ы монгол мэргэжилтнүүд тэргүүтэй залуус тус зөвлөлийг бүрдүүлж байна. ЦХХХ-ны сайд Н.Учрал Цахиурын хөндийд цахиур хагалсан, дэлхийн шилдэг компаниудын монгол захирал, инженерүүдийн өндөр ур чадвар, өргөн мэдлэг туршлагыг эх орных нь хөгжилд зориулах болсноо Сан-Францискогийн их сургуульд болсон “Инженерүүдийн уулзалт”-ын үеэр танилцуулжээ.
Цахиурын хөндий дэлхийн мэдээллийн технологийн эдийн засгийн 40 хувийг дангаар эзэлж, нэгэн дор 7000 гаруй компани өрсөлдөж, илүү ухаалаг ирээдүй, өөдрөг маргаашийг бүтээж байна. Мэдээллийн технологийн дэлхийн хөгжлийн төв цэг болсон Цахиурын хөндийд 350 орчим монгол инженер шилдэг компаниудад шалгаран ажиллахаас гадна гарааны бизнес үүсгэж багаараа өрсөлдөж байгаа юм.
Мөн Цахиурын хөндийд дэлхийн зах зээлд өрсөлдөх боломж бүхий таван монгол компанийг танилцуулж, Төв Азийн улс онуудын Silk Road Hub-д элсүүлэх ажлыг энэ айлчлалын хүрээнд шийдвэрлэхээр хүлээж байгаа ажээ.