Хуулийн төслүүдийг цахим системд байршуулж, олон нийтийн санал авчээ

оруулсан Алсын Хараа

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд 9 удаа хуралдаж, 22 асуудал хэлэлцсэн байна.

Байнгын хороо 22 асуудлын хүрээнд хуулийн төсөл 5, УИХ-ын тогтоолын төсөл 3, байнгын болон дэд хорооны тогтоолын төсөл 7, олон улсын гэрээ хэлэлцээр, конвенцыг зөвшилцөх тухай 4 асуудлыг хэлэлцэн, хуулийн 4 төсөл, УИХ-ын 3 тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн батлуулжээ. Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсаас гадаад улсад суугаа зарим Элчин сайдыг эгүүлэн татах томилох тухай асуудлыг хэлэлцэн, уг асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлсэн байна. Түүнчлэн байнгын хорооны тогтоолоор байгуулсан хууль тогтоомжийн төслийг байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийг 6 удаа хуралдуулжээ. Мөн байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хууль тогтоомжийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хүрээнд 18 санал дүгнэлт, танилцуулгыг бэлтгэсэн аж.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос эрхлэх асуудлынхаа хүрээнд хамаарах асуудлаар Засгийн газар болон холбогдох байгууллагуудад хуралдааны тэмдэглэлээр холбогдох үүрэг даалгаврыг өгч, хурал зөвлөгөөн, сургалт семинар, уулзалт ярилцлагуудыг зохион байгуулж, батлагдсан хууль тогтоомжийг олон нийтэд сурталчлах ажлыг хийсэн байна. УИХ-д өргөн мэдүүлсэн хэлэлцүүлгийн шатанд байгаа 22 хууль тогтоомжийн төсөл болон хэлэлцүүлгийн үе шатанд бэлтгэсэн материалуудыг тухай бүрд нь d.parliament.mn цахим системд байршуулж, олон нийтээс санал авах, сурталчлан таниулах ажлыг зохион байгуулж иржээ.

Сэтгэгдэл бичих