ОХУ-ын уран гулгагч Камила Валиева Бээжин-2022 өвлийн олимпийн үеэр допингтой нэр холбогдсон. Тэгвэл Спортын арбитрын шүүхийн мөрдөн байцаалтын явцад Валиева допинг хэрэглэсэн нь тогтоогдож, тэмцээн уралдаанд оролцох эрхээ дөрвөн жилээр хасуулав.
"WADA" 2022 оны арваннэгдүгээр сард Швейцарийн Спортын арбитрын шүүхэд Валиевагийн эсрэг давж заалдах гомдол гаргаж, уран гулгагчийн эрхийг дөрвөн жилээр хасуулахыг хүссэн юм.
ОХУ-ын Допингийн эсрэг агентлаг Валиеваг дүрэм зөрчсөн гэж үзсэн ч ганц л шийтгэл ногдуулсан байсан. Тодруулбал, түүний Оросын аваргын алтан медалийг хүчингүйд тооцоод, үүнээс өөрөөр хариуцлага ноогдуулаагүй. Харин "WADA" буюу Дэлхийн допингийн эсрэг агентлаг Оросын талаас тамирчиндаа тооцсон хариуцлагыг хангалтгүй гэж үзсэн.
Спортын арбитрын шүүхийн шийдвэрийг "улс төржсөн шийдвэр" гэж Кремль шүүмжилжээ. Харин Оросын Олимпийн хороо үүнийг "Оросын спортод дайн зарласан үйлдэл" гэв.
Эргэн сануулахад, 2021 оны арванхоёрдугаар сард Камила Валиевагийн шинжилгээний хариугаар зүрхний хориотой эм триметазидин уусан гэж гарсан. Дээжийг мөн сарын 25-нд Санкт Петербургт болсон Оросын уран гулгалтын аварга шалгаруулах тэмцээний үеэр цуглуулжээ. Валиевагийн багийнхан сорьцын дүнг өвөөгийнх нь зүрхний эмэнд дүрсэн халбага, сэрээтэй холбоотой гэж нотолсоор ирсэн.
Эх сурвалж: BBC