Монголчууд “авлигыг үл тэвчигчид” болсон нь өнгөрсөн гурван жилийн хамгийн том ололт

оруулсан Алсын Хараа

Б.ГАРЬД

Саяхан даа, “...Сонгууль дөхөхөөр иргэдийн анхаарлыг татахын тулд уурхайнуудыг хэл амны объект болгох нь нэмэгдлээ” гэж инженер Ж.Золжаргал хэлэв. Анхаарал татав. Түүний хэлсэн нь үнэн аж. Уул уурхайн ордуудыг хэн нэгэнтэй холбож, “...Ард нь авлига бий” хэмээн зарлах явдал ихэсжээ. Гол нь авлига, албан тушаалын асуудалтай, эргэлзээтэй нөхдүүд ингэж мэдэгдэл хийгээд байгаа нь хоржоонтой. Нөгөөтэйгүүр “...Авлигатай тэмцэгч” гэхэд дэндүү хол зөрөх дүртэй нөхдүүд ийм сурталчилгаа хийх нь улстөрчид маань “...Иргэд гэнэн итгэмтгий” хэмээн үздэг хэвээрээ байгааг илтгэв. Яагаад гэхээр, өнөөдөр монгол хүн бүр авлигыг үгүй хийх, авлигачдаас салах туйлын хүсэл нь болсон. Тэр утгаараа, энэ нь хамгийн “эрэлт, хэрэгцээт” сэдэв болчихсон бололтой. Тийм учраас, түүнд нийцүүлсэн “сурталчилгаа”-г хийж байгаа аж.

Мэдээж, уул уурхай дагасан авлига Монголд бий юу гэвэл бий. Тэр нь хэтрээд өнөөдрийн энэ хөгжилгүй, өрсөлдөх чадваргүй Монгол Улсыг “бүтээж”, өнөө маргаашаа аргацаан амьдарч буй монгол хүнийг бий болгосон. Зөвхөн уул уурхай ч бус, төрөөс зохион байгуулдаг бүх тендер, төсвөөс гадуурх зээл тусламжийн бүхий л мөнгө төгрөгт авлигын хар сүүдэр тусчихсан. За тэгээд, өмч хувьчлал, газрын наймаа, ашигт малтмалын лиценз олголт шударга бусаар хэдхэн хүний хүрээнд явагдсан. Тэдгээр нь нийгмийн тэгш бус байдлын суурь болсон. Улмаар өнөөдрийн бухимдал, эмх цэгцгүй, хуулийн өмнө эрх тэгш бус нийгмийн суурь шалтгаан болж өгсөн. Чухам тэдгээрээс л хотын утаа, түгжрэл, газрын наймаа, түүнийг тойрсон стандартгүй барилгажилт зэрэг нь авлигачдын өв болж үлдсэн. Энэ бүхэн өнгөрсөн 30 жилийн үр дүн л дээ. Хэдийгээр “...Хүн үүсээд л авлига бий болсон” гэдэг ерөнхий онолтой ч Монгол Улс “ноён авлига”-ыг арай л олон жил толгойдоо залсан байдаг.

Өнөөдөр зарим нь ярьж байна. “...Өнгөрсөн жилүүдэд сайхан байсан, одоо л болохоо больчихлоо” гэж байна. Үгүй л дээ. Яагаад бүхэл бүтэн 30 жилд ганц нефтийн үйлдвэр бариагүй юм бэ. Яагаад “...Монголчууд төмөр зам барьж чадна” гэдгээ саяхан мэдэрч байна вэ. Яагаад бүх баялгаа түүхийгээр нь худалдсаар ирэв ээ. Яагаад өнөөдрийг хүртэл дэлхийд гардаг ганц ширхэг Монголын дориухан брэнд “төрөөгүй” байна вэ. Ингээд асуувал маш урт жагсаалт болно. Харин буруутан нь ганцхан “...Авлига” гэдэг зүйл болж гарч ирнэ.

Ер нь бол авлигын энэ хор хохирлууд өнгөрсөн 30 жилийн турш “бүтээлэг”-тэй явж ирсэн. Улстөрчид кинон дээрх “...Шинэ халаадаа өмсөөрэй, ширээний бүтээлгээ солиорой” гэдэг шиг, харин иргэд “...Сайхан уу гэвэл сайхан гэнэ ээ, муугийн ёс биш Монголын ёс” хэмээх дууны үг шиг л явсаар өнөөдрийг хүрсэн.

Гэхдээ сүүлийн гурван жилд байдал өөр болсон. Их зүйл өөрчлөгдсөн. 2021 оны нэгдүгээр сарын сүүлчээр, өдийд Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд болж, Засгийн газраа байгуулж байв. Сүүлийн арваад жилд бүрэн эрхээ бараг л бүтнээр нь хэрэгжүүлж байгаа ганц Засгийн газар болж байна. Тэгвэл түүнээс өмнөх арваад жилийн бүх Засгийн газар 1.5 жилийн “нас”-тай байсан юм. Үүнийг “...Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар авлигын эсрэг тогтолцооны өөрчлөлтийг хийхээр нэлээд шаргуу ажилласантай холбоотой” хэж үзэх хүн олон байна. Мөн тэднийг “...Монгол Улсын шилжилтийн хэмээх тодотголтой өнгөрсөн 30 жилийн явцад бүхэлд нь үнэлэлт дүгнэлт өгч, шинэ 30 жилийн эхлэлийн суурь реформын асуудалд гол анхаарлаа хандуулсан” гэж судлаач, ажиглагчид дүгнэж байгаа юм. Угаасаа онол ёсоор, “...Авлига нүүрлэсэн аливаа улс оронд эдийн засаг, нийгмийнхээ хэрэгцээнд нийцэж ажиллах хүсэл, сонирхол бүхий улс төрийн хүчин, эсвэл улстөрч “хэзээ нэгэн цаг”-т гарч ирдэг. Түүнд шинэ тогтолцоог бий болгох шаардлага үүснэ. Энэ үйл явцынх нь төвд авлигатай тэмцэх асуудал оршдог.  Товчхондоо, “тоглоомын дүрэм”-ийг өөрчилнө. Чухамдаа, үүнээс болж л “шинэ, хуучин” хоёр тулдаг байгаа юм. Энэ үзэгдэл Монголд эхлээд гурван жил болж байна. Энэ хугацаанд жам ёсоор, улс төр, нийгэм, эдийн засагт нэр нөлөөгөө тогтоосон нөхдүүд өөрсдийн олж авсан байр суурийг алдахгүйг хичээж байна. Өөрөөр хэлбэл, 30 жил явж ирсэн тогтолцооноос ашиг хүртэгчид нь нэгэнт тогтсон статус-квог хадгалж үлдэхийн төлөө чадах бүхнээ л хийж байна. Тэд эвсэж, тэрхүү “уламжлалт” тогтолцоогоо хэвээр нь хадгалж үлдэхийг эрэлхийлж байгаа юм.

Л.Оюун-Эрдэнэ дөнгөж Ерөнхий сайд болчихоод 2021 оны нэгдүгээр сарын 29-нд УИХ-ын чуулган дээр “...Энэ удаагийн авлигатай хийх тэмцэл зөвхөн хогийн ургамалтай нь биш харин түүнийг бүрдүүлж буй хөрстэй нь хийх тэмцэл байх болно. Авлигын индексээр бид өнөөдөр 111-т эрэмбэлэгдэж байна. Авлига үүсгэж буй суурь нөхцөл бол төрийн хүнд суртал, улс төрийн авилгажсан тогтолцоо гэдэг нь ойлгомжтой. Тиймээс авлигатай хийх тэмцэл амар биш ээ. Хэнийг ч хэлмэгдүүлдэггүй, хэнийг ч ял завшуулдаггүй хараат бус шударга шүүхийн тогтолцоо бүрдүүлэхийг бүх талаар дэмжиж ажиллах болно. Төрийг албан бусаар удирдахыг хүсдэг бүлэглэлийн нөхдүүдтэй хатуу тэмцэх болно. Тэдний шүүхэд болон хууль хяналтын байгууллагад байршуулсан  төлөөлөгч нарыг цэвэрлэхийн төлөө ажиллах болно. Цаашид төрийн дээр төр шиг байдаг албан бус бүлэглэл дахин үүсэх, улс төрийн зорилгоор хууль хяналтын байгууллагын ашигладаг байдлыг бүрэн таслан зогсоохын тулд сонгодог парламентын тогтолцоог бүрдүүлэх эрхзүйн цогц реформыг улс төрийн намуудтай зөвшилцөн хийхийг эрмэлзэнэ” гэж байжээ.

Тэгвэл өнгөрсөн гурван жилийн хугацаанд түүний шууд санаачилгаар “...Авлига, албан тушаалын гэмт хэргийн ялын дээд хэмжээ 5-12 жил байсныг 12-20 жилийн хорих ялтай болгох”, “...Авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож, шүүхээр шийтгэгдсэн этгээдэд аливаа төрлийн өршөөл, уучлал үзүүлэхгүй”, “...Авлига, албан тушаалын гэмт хэрэгт хялбаршуулсан журам үйлчлэхгүй”, “...Авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож, шүүхээр шийтгэгдсэн этгээд магадлангаар хугацаанаасаа өмнө суллагдахгүй”, “...Авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож, шүүхээр шийтгэгдсэн этгээдийн төрийн албанд ажиллах эрхийг нь бүх насаар хасах”, “...Авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож, шүүхээр шийтгэгдсэн этгээдийн бүх шатны сонгуульд өрсөлдөх эрхийг хасах”, “...Улстөрчид, түүний эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, хүүхэд, хамаарал бүхий этгээдүүд нь төрөөс болон төрийн өмчит компани, төртэй хамтран хэрэгжүүлж буй олон улсын байгууллагуудын төсөл, хөтөлбөрөөс санхүүжих бүх төрлийн тендерт оролцохыг хориглох”, “...Дээрх албан тушаалтнууд, тэдний хамаарал бүхий этгээдүүд төрөөс санхүүжих сургалтын тэтгэлэгт хамрагдахыг хориглох” зэрэг авлигын гэмт хэргийн эсрэг хуулийн өөрчлөлтүүдийг УИХ-аас баталжээ.

Гэхдээ Л.Оюун-Эрдэнийн гурван жилийн өмнөх “амлалт” өнөөдөр бүрэн дүүрэн биеллээ олсон уу гэвэл үгүй. Өөрөө ч хүлээн зөвшөөрдөг. Тэрбээр “...Би энэхүү тэмцлийг эхэлж байхдаа “...Авлигатай тэмцэнэ гэдэг бол бид журмын нөхөдтэйгээ, өөрсөдтэйгээ, нам харгалзахгүй тэмцэнэ гэсэн үг” гэж хэлж байсан. Үүнийг Та бүхэн санаж байгаа биз ээ.

Авлигын эсрэг тэмцэл адармаатай ч алхам алхмаар урагшилсаар өнөөдөр шүүхийн шатанд тулаад зогслоо. Шүүхийн шатанд бүлэглэлийн гар хөлүүд авлигын асуудлыг хэрхэн гацаан удаашруулж байгааг ч, “...Сонгууль хүртэл тэсчихвэл Л.Оюун-Эрдэнэ зайлчихна, тэгээд бүх зүйл сайхан болно” гэж хилийн чанадад оргон зайлсан “шувууд” маань томилсон шүүгч нартаа захиж байгааг ч мөн мэдэж байгаа. Гэхдээ үүнийг зөвхөн ордон дотор биш, олон нийт ч гярхай олж харсан байна” гээд сар гаруйн өмнө УИХ-ын чуулганы индэр дээрээс мэдэгдсэн. Үнэхээр ч Т.Бадамжунайг Филиппинээс чирээд ирсэн нь “...Нам хамаагүй” гэсний нотолгоо болсон. Бас Т.Аюурсайханыг УИХ-аас чөлөөлөөд шүүх рүү, Ж.Мөнхбатыг өргөдлийг нь аваад УИХ-аас явуулсан нь “...Найз нөхдөө бодохгүй” гэдгийн илэрхий баримт болно. Өөр жишээ олон бий. Ингэж 30 жилийн “бурхад” гуунаасаа сугарч унасан. Түүнчлэн Хөгжлийн банк, нүүрсний хулгай, Боловсролын зээлийн сан, газрын наймаанаас эхлээд авлигын бараг бүх асуудлыг ил гаргаж, цаашид ч ил тод мэдээлэл авах “цахим” хаалгыг нээж орхисон. Ингэж монгол хүн бүр өнгөрсөн 30 жилийн хийгээд өнөөдрийн авлигын талаар мэдээлэлтэй болчихсон. Товчхондоо, авлигыг нууж, авлигачид нуугдаж чадахаа больсон. Одоо эдгээр өөрчлөлтийг эргүүлж буцаах боломжгүй. Харин ч далд эдийн засгийг илчилснээр “ил” эдийн засаг өссөн. Гадаадад өр төлөгдөж, дотоодод валютын нөөцөөс эхлээд сэргэсэн.

Эцэст нь хэлэхэд, Л.Оюун-Эрдэнийн эхлүүлсэн авлигын эсрэг энэ тэмцэл өнөөдөр төгсөөгүй ч монголчууд “авлигыг үл тэвчигчид” болж чадсан. Энэ л өнгөрсөн гурван жилийн хамгийн том ололт болж байна. Түүнийг дагаад Монголыг 30 жил зайдагнасан “ноён авлига”-ын суудал ганхаад эхэлсэн. Тиймээс цаашид монголчууд “...Авлигын эсрэг хэн нэгдэж, авлигын талд хэн үлдэх вэ” гэдэг ёс суртахууны хуваагдлын сонголттой тулж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 22. ДАВАА ГАРАГ. № 14 (7258)

Сэтгэгдэл бичих