Жил бүрийн эхээр болдог дэлхийн хэмжээний хамгийн том үйл явдал бол Давосын Эдийн засгийн чуулга уулзалт /WEF/ билээ. Энэ оны чуулган 15-19-ний өдрүүдэд “Итгэлцлийг сэргээх нь” гэдэг уриан дор Швейцарийн Давос хотноо 54 дэх удаагаа болж өнгөрлөө.
Уулзалтын зорилго нь дэлхий нийтийн өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхийн тулд улс төр, эдийн засгийн болон бусад салбарт шийдвэр гаргагч нөлөө бүхий хүмүүсийг Давост урьж ирүүлэн, учирч буй саад бэрхшээл, эрсдэлүүд ба ирээдүйн чиг хандлагуудыг хэлэлцэх явдал байдаг. Тухайлбал, WEF нь дэлхийн бизнесийн салбарын нөхцөл байдлыг илэрхийлэх нэг ёсны барометр болж, санхүүгийн салбарын цаашдын чиг хандлагыг тодорхойлж байдаг.
54 дэх удаагийн форумд дэлхийн 60 гаруй улсын төр, засгийн тэргүүн нар, тэдний дотор Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцлоо.
Чуулга уулзалтын хүрээнд болсон 200 гаруй салбар хуралдаанд олон улсын байгууллагуудын төлөөлөл, 120 гаруй улсаас хүрэлцэн ирсэн иргэний нийгмийн төлөөлөгчид, эдийн засгийн шинжээчид, дэлхийн том компаниудын удирдах ажилтнууд, хэвлэл мэдээллийн ажилтнууд зэрэг нийт 2800 гаруй хүн оролцсон байна. Харин Орос улсыг Давост сүүлийн хоёр жил дараалан уриагүй бол уригдсан хэдий ч Туркийн Ерөнхийлөгч Р.Эрдоган 54 дүгээр чуулганд оролцохоос татгалзав. Энэ нь Израил-Палестины мөргөлдөөний талаар Давосын зохион байгуулагчдын баримталж буй байр суурьтай холбоотой ажээ.
Чуулга уулзалтын төлөөлөгчид “Хуваагдсан дэлхий ертөнцөд аюулгүй байдал, хамтын ажиллагааг хангах нь”, “Шинэ эрин үед өсөлт ба ажлын байрыг хадгалах нь”, “Хиймэл оюун ухаан бол эдийн засаг, нийгмийн хөдөлгөгч хүч”, “Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэл, байгаль орчин, эрчим хүчний салбарын урт хугацааны стратеги” гэсэн үндсэн дөрвөн сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг мэтгэлцээнүүдэд оролцлоо.
Түүнчлэн Украинд болж буй дайн, “Х өвчин”, Трамп ерөнхийлөгчөөр дахин сонгогдох магадлал гэх мэт санаа зовоосон бусад асуудлыг хэлэлцэв.
Чуулганыг нээж Швейцарийн Ерөнхийлөгч Виола Амхерд үг хэлэхдээ “олон улсын эдийн засгийн харилцаанд итгэлцлийг сэргээх нь зөвхөн төр засаг, улстөрчдийн хүлээх үүрэг зорилт биш, бизнесийн салбарынхан ч мөн адил ийм үүргийг хүлээх ёстой” гэж онцлон тэмдэглэв. “Дэлхийн хамтын нийгэмлэг, засгийн газрууд ирээдүйтэй сайхан саналуудыг дэвшүүлж болох боловч тэднийг сонсож ойлгохоо болих аваас гайхах хэрэггүй” гэж тэрбээр хэллээ.
Хятад улсын Ерөнхий сайд Ли Чян хэлэхдээ “эдийн засгийн нягт хэлхээ холбоо нь өнөөдөр асар их ач холбогдолтой байна. Дэлхийг хамарсан хямралын нөхцөлд бүх улс тусгаарлагдан хуваагдаж, улс орон бүр дангаараа тэмцэх аваас дэлхийн эдийн засаг улам хэврэг эмзэг болно” гэлээ.
Дэлхий даяарх худалдааны хэмжээ 2024 онд 3,3 хувиар өсөх боловч энэхүү өсөлт нь дэлхийн ДНБ-ний өсөлтийн хурдаас хоцорсон хэвээр байх болно гэдгийг Дэлхийн Худалдааны байгууллагын Ерөнхий захирал Нгози Оконжо-Ивеала дурдаад, үүнд геополитикийн хямралууд, тухайлбал, Улаан тэнгис дэх хурцадмал байдал нөлөөлж байна.
АНУ-ын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн зөвлөх Жейк Салливан “шинэ бодит байдал” үүссэн тухай яриад, үүнийг “шинэ эрин үе”, “бүрэлдэн бий болсон дэлхийн шинэ дэг журам”-тай холбон тайлбарлалаа. “Шинэ эрин үе, шинэ дэг журамд нөлөөлөх боломж бидэнд бий, одоо байгаа бүтцүүдийг, өнгөрч буй эрин үеийн үндэс суурийг шинэ бодит байдалд нийцүүлэх замаар, өнгөрсөн үеийн хамгийн үнэ цэнэтэй зарчмуудыг авах замаар дараагийн эрин үед шилжих боломжтой” гэж тэрбээр хэллээ.
Ерөнхийдөө бол дэлхийн эдийн засаг “тогтвортой бус тэнцвэртэй байдалд” шилжин орсон гэх дүгнэлтийг Давосын чуулганд оролцогчид хийжээ. Еврогийн бүс болон бусад бүс нутагт инфляцийн хурд саарч, дэлхийн худалдааны өсөлт хурдсаж байна. Гэхдээ энэхүү “тэнцвэрт байдал” ойрын жилүүдэд тогтворгүй байх болно гэдэг дээр оролцогчид санууллаа. Энэ нь дэлхийн эдийн засгийн байдлыг хэвийн болгох гэхээс илүүтэй хөгжингүй ба хөгжиж буй орнууд “шинэ хэвийн байдал”-д хэрхэн дасан зохицох вэ гэдгээс шалтгаалж байгаа юм
Хиймэл оюун ухаан – хамгийн халуун сэдэв
Давосын уулзалтын үеэр улс төрчид, томоохон компаниудын удирдах албан тушаалтнууд хиймэл оюун ухааныг ирээдүйд хэрхэн аюулгүйгээр, үр бүтээлтэй ашиглах талаар ярилцлаа.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш-ийн үзэж байгаагаар, технологийн томоохон компаниуд хиймэл оюун ухаанаас олох ашиг хонжооны хойноос хөнгөн хуумгай байдлаар хөөцөлдөж байна. ОУВС-ын Ерөнхийлөгч Кристалина Георгиева хэлэхдээ, хиймэл оюун ухаан дэлхий даяарх нийт ажлын байрны 40 орчим хувьд нөлөөлж, тэгш бус байдлыг улам нэмэгдүүлнэ гэдгийг анхаарууллаа.
Харин Open AI компанийн ерөнхий захирал Сэм Альтман дээрх дүгнэлтүүдийг үгүйсгэж, ойрын жилүүдэд хүмүүс хиймэл оюун ухааны технологийн ач холбогдлыг хүлээн зөвшөөрч, түүнээс айхаа болино гэж үзэж байгаагаа илэрхийлэв. Мөн 2024 оноос эхлээд хиймэл нейроны сүлжээнүүд нь компаниудын бүтээмжийг эрс нэмэгдүүлнэ гэдэгт тэрбээр итгэлтэй байна.
Ямартаа ч Давост чуулсан төлөөлөгчид “хиймэл оюун ухааны технологи нь хүмүүсийн хатуу хяналтанд байх ёстой” гэдэг байр суурийг дэмжиж байлаа.
Трамп 2.0
Дональд Трамп Цагаан ордонд эргэн ирэх эсэх нь чуулганд оролцогчдын анхаарлыг ихээхэн татсан сэдэв байв. Учир нь, өнгөрсөн долоо хоногт Айова муж улсад болсон БНН-аас АНУ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах анхан шатны сунгаанд Д.Трамп илт илүүрхэн ялсан билээ. Трамп дахин сонгогдох нь дэлхийн эдийн засагт аюул учруулна гэдгийг Европын Төв банкны ерөнхийлөгч Кристин Лагард анхааруулжээ. Үүний хариуд АНУ-ын дэд ерөнхийлөгч асан Альберт Гор хэлэхдээ, Айовагийн сунгааны дүнг хэтрүүлэн үнэлэх шаардлагагүй, Трамп ялах эсэх нь тодорхойгүй байгаа” хэмээн “тайвшруулав”.
Үл мэдэгдэх «Х өвчин»
Эрүүл мэндийн асуудлаарх салбар хуралдааны үеэр төлөөлөгчид шинжлэх ухаанд одоогоор мэдэгдээгүй байгаа “Х өвчин”-ийг үүсгэгчийн талаар ярилцжээ. Энэхүү өвчин нь Ковид-19-ээс дутуугүй аюултай байх болно хэмээн шинжээчид таамаглаж байгаа аж. ДЭМБ-ын тэргүүн Т.А.Гебрейесус хэлэхдээ “Х өвчин гэдэг нэр томьёог бид 2018 оноос хойш хэрэглэж байгаа, гэхдээ энэ бол яг тодорхой нэг өвчин биш, зүгээр л аюултай цар тахалд бэлэн байх ёстой гэсэн сэрэмжлүүлэг” гэлээ.
“COVID-19 нь анхны “Х өвчин” байсан ч байж магадгүй. Зарим хүмүүсийн хэлж буйгаар, ийм өвчний талаар ярих нь хүн амын дунд сандрал түгшүүр өдөөж магадгүй, гэхдээ аливаа болох гэж буй зүйлийг урьдчилан харж, түүнд бэлэн байх нь чухал” гэдгийг ДЭМБ-ын тэргүүн онцолсон байна.
Хуурамч мэдээлэл
Дэлхий дахинд ойрын үед учирч болзошгүй эрсдэлүүдийн жагсаалтын хамгийн эхэнд “хуурамч ташаа мэдээлэл” гэдэг үг анх удаа бичигджээ. Уг жагсаалтыг гаргахын тулд Давосын чуулганд оролцож буй 1490 шинжээчээс саналыг нь авсан байна. Хуурамч мэдээлэл нь технологийн салбар дахь гол эрсдэл болох бөгөөд ойрын 2 жилийн хугацаанд хамгийн их аюул учруулна хэмээн санал асуулгад оролцсон шинжээчдийн 53 хувь нь үзжээ. Жишээ нь, энэ онд олон улс оронд сонгууль болох учраас ийм асуудал улам хурцаар илэрнэ.
Хуурамч мэдээлэл тараахад ямар нэгэн тусгай ур чадвар, боловсрол шаардагдахгүй бөгөөд хиймэл оюун ухааныг дураараа ашиглах боломжтой болсон нь хүний дуу хоолойг дууриалгах, хуурамч цахим хуудас үүсгэх зэрэг “синтетик контентууд” газар авахад хүргэнэ.
Давосын эргэн тойронд
Чуулганд оролцсон бизнес эрхлэгчдийн ярьснаар, Дэлхийн эдийн засгийн форумын хураамжийн хэмжээ хэд дахин өсөж, 70 мянган доллар байснаа 250 мянгад хүрчээ. Өөрөөр хэлбэл, зохион байгуулагчид тус чуулга уулзалтыг мөнгө олох машин болгон хувиргаж байна гэж зарим хүмүүс шүүмжилж байна.
Түүнээс гадна, Давосын чуулганд оролцох төлөөлөгчдийн Цюрих хотод буусан хувийн нисэх онгоцнуудын тоо нэмэгдсэнийг экологийн хөдөлгөөний идэвхтнүүд анзаарчээ. Нидерландын экологийн хүрээлэнгийн хийсэн тооцоогоор, Давосын форумын төлөөлөгчдийн хөлөглөн ирсэн нисэх онгоцнуудаас ялгарч буй нүүрсхүчлийн хийн хаягдлын хэмжээ 7,4 мянган тоннд хүрсэн нь долоо хоногийн хугацаанд 260 мянган автомашины утаа агаарыг бохирдуулсантай тэнцэж байна.