Цагдаагийн байгууллагад энэ сарын 20-нд тээврийн хэрэгслүүд мөргөлдөж хүний амь нас хохирсон харамсалтай дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Тодруулбал Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас Улаанбаатарын чиглэлд зорчиж явсан зургаадугаар ээлжийн 25 автобусны хоёр дахь цувааны нэг автобус 167 дахь км заалтад осолдсон, мөн Өмнөговь аймгийн Цогтцэций сум "Эрдэнэс Тавантолгой уурхайн зам"-д Х.Маяти болон Гранбирд маркийн тээврийн хэрэгслүүд мөргөлдөж хүний амь хохирсон байна.
Урьдчилсан байдлаар Дорноговь аймагт цуваагаар зорчиж байсан долоо номерын автобус, Альфард маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн зам тээврийн ослын улмаас суудлын автомашины хоёр зорчигч, Өмнөговь аймагт Х.Маяти тээврийн хэрэгслийн жолооч амь хохирсон харамсалтай, ноцтой осол хэрэгт тухайн аймгуудын цагдаагийн газраас шалтгаан нөхцөлийг тогтоох ажиллагаа явуулж байгаа юм.
Орон нутгийн замын нөхцөл байдал цастай, халтиргаатай, үзэгдэх орчин муу, авто зам болон дугуй барьцалдах чадвар муудсан, зарим үед цаг агаарын нөхцөл байдлаас хамаарч тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй байхад хурд хэтрүүлэн өөртөө болон бусдад эрсдэл үүсгэх тохиолдол цөөнгүй байна.
Иймд хөдөө орон нутгийн замд иргэд, жолооч та бүхэн зорчихдоо өөрийн болон бусдын аюулгүй байдлыг ханган зөвшөөрөгдсөн хурдыг баримталж, гүйцэж түрүүлэх, саадыг тойрон гарахдаа бусдад осолтой нөхцөл үүсгэхгүй байх нөхцөл бүрдсэний дараа үйлдэл хийхийг цагдаагийн байгууллагаас онцгойлон сэрэмжлүүллээ.