Б.Мөнхбаатар мөсөнд авиралтын дэлхийн аварга боллоо

оруулсан Алсын Хараа

Франц улсад мөсөнд авиралтын залуучуудын Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) энэ сарын 18-20-нд болов.

Тэмцээнд манай улсаас долоон тамирчин өрсөлдөхөд 20 хүртэлх насныхны эрэгтэйчүүдийн хурдны төрөлд Батзоригийн Мөнхбаатар алтан медаль хүртлээ. Тэрбээр урьдчилсан шатанд 9.91 секундээр тэргүүн байр эзэлсэн бол финалд 10.15 секундэд замаа дуусгаж түрүүлсэн юм. Энэ ангилалд Польшийн Даньел Кокошка 12.56 секундэд мөнгө, Лихтейнштайны Константин Уилье 13.14 секундээр хүрэл медалийн болзол хангажээ.

Харин 20 хүртэлх насныхны эмэгтэйчүүдийн ангилалд Цэцэгмаагийн Анар урьдчилсанд 21.78 секундээр хоёрдугаарт жагссан бол финалд 19.27 секундэд замаа дуусгаснаар хүрэл, эрэгтэйчүүдийн 18 хүртэлх насныхны ангилалд Азжаргалын Зоригтбаатар урьдчилсанд 11.87 секундэд түрүүлсэн ч шигшээд 13.93 секундийн амжилтаар хүрэл медаль хүртсэн байна.

Дэлхийн аварга болоод буй Б.Мөнхбаатар өнгөрсөн жил Финланд улсад болсон тус тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байв.

Манай тамирчдыг энэ сарын 25-27-нд Швейцарийн Саас Феед хотод болох Дэлхийн Цомын тэмцээн хүлээж байна.

Сэтгэгдэл бичих