Японы хойд хэсгийн Хоккайдо арлын "Нью Читосэ" нисэх буудалд "Korean Air", "Cathay Pacific" компанийн онгоцууд далавчаараа мөргөлдсөн осол Мягмар гаригт гарчээ. Korean Air-ын онгоцонд 289 зорчигч болон хөлгийн багийн гишүүд байсан. Харин ослын үеэр хөдөлгөөнд оролцоогүй байсан "Cathay Pacific"-ын онгоцонд нэг ч хүн байгаагүй.
Албаны хүний хэлснээр "Korean Air" компанийн онгоцыг хөөрөхөөс өмнө чиглүүлж байсан чирэгч машин цасан дээр хальтарсны улмаас уг осол болжээ. Осол орон нутгийн цагаар 17:30 орчимд болсон байна. Ослын улмаас түлш алдагдаж, гал түймэр гарсан тохиолдол байхгүй. Мөн хүн гэмтэж бэртээгүй.
Японы хойд хэсгээр цас орж, огцом хүйтэрч байна. Агаарын хэм -7 орчим байна. Цахим сүлжээнд нийтлэгдсэн бичлэгээс харахад ослын үед цас орж байжээ.
Энэ сарын 2-ны өдөр Токиогийн "Ханэда" нисэх буудалд мөн хоёр онгоц мөргөлдсөн хэрэг гарсан. Уг ослын улмаас эргийн хамгаалалтын онгоцонд байсан багийн таван гишүүн амиа алдсан. Он гарсаар Японы нисэх буудлуудад ийнхүү хоёр ч удаа нисэх онгоц мөргөлдсөн осол гараад байна.
Эх сурвалж: SKY NEWS