Автобусны жолооч нар 3.4 сая төгрөгийн цалин авна

оруулсан Алсын Хараа

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга, сайд Б.Дэлгэрсайхан өчигдөр/2024.01.16/ хэвлэлийнхэнд мэдээлэл өгөхдөө "Автобусны жолооч нар санаа зовох зүйлгүй болсон. Өмнө нь жолооч нарыг 1000 ам.долларын цалинтай болгоно гэж хэлж байсан.

Нийслэлийн Засаг даргатай жолооч нарын цалингийн асуудлыг тохиролцсон. Ингэснээр автобусны жолооч нар 3.4 сая төгрөгийн цалин авна.

Жолооч нар тамхи татахгүй, шүлсээ хаяхгүй, гар утсаараа ярихгүй, хянана. Цаашлаад жолооч цагаан бээлийтэй, малгайтай байх зэргээр жигд байдлаар хувцаслана. Ингээд микрофоноор зорчигчдод буудлыг зарлан хэлэх, багтахгүй бол дараагийн автобусыг хүлээхийг зөвлөх зэргээр ажиллана. Соёлтой харилцаанд сургах ажил ч хийж байгаа” гэжээ.

Мөн тэрбээр өмнө нь энэ талаар мэдээлэл өгөхдөө "Юун түрүүнд нийслэлтэй хамтран автобус худалдан авах тухай асуудлыг аль болох хурдан хугацаанд шийдвэрлэхээр зорьсон. Нэгдүгээр сарын 30-нд гэхэд нийт 600 автобусаа хүлээж авна. Нийтийн тээврийн хүртээмжтэй холбоотой асуудал ийнхүү шийдвэрлэгдсэн гэхэд болно. Нийслэлд тулгамдаад буй дараагийн чухал асуудал нь түгжрэл. Түгжрэлийг бууруулах талаар Улаанбаатар хотын Засаг даргатай хамтран төлөвлөгөө боловсруулж, Үндэсний хороогоор хуралдуулсан. Түгжрэл үүсгэх гол шалтгаан нь автобусны маршрутаа давхцуулах явдал. Тэгэхээр автобусны маршрутаа өөрчилж, төлөвлөлтөө шинээр хийх шаардлагатай. Тухайлбал, төв урсгал буюу Энхтайваны өргөн чөлөөг нэг урсгалаар явуулж, нэг зогсоол дээр нэг чиглэл автобус явах байдлаар зохион байгуулалт хийх жишээний. Офицеруудын ордноос Таван шар хүртэл нэг урсгалаар, гурван минутын зайтай урсгана гэсэн үг. Ялангуяа ид ачааллын үеэр хоёр буюу хосоор нь явуулахаар төлөвлөсөн. Ингэснээр иргэд удаан хугацаанд автобус хүлээх шаардлагагүй болно. Хэдэн ч автобус дамжин суусан өдөрт 1000 төгрөгөөр зорчих боломжтой. Эл зохицуулалтыг нэгдүгээр сарын 20-ноос хэрэгжүүлж эхэлнэ" гэдгийг онцолж байв.

Сэтгэгдэл бичих