Монголын улс төр өнгөрч буй долоо хоногт

оруулсан Алсын Хараа

Монголын улс төрд өнгөрч буй долоо хоногт өрнөсөн үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

ҮАБЗ байгалийн хийн хоолой барих асуудлаар хуралдав

ОХУ-аас БНХАУ руу Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан байгалийн хийн хоолой барих төслийн хамтын ажиллагааг бодлого, зохион байгуулалтаар хангаж ажиллах зорилго бүхий ажлын багийг Шадар сайд Ө.Энхтүвшинээр ахлуулан Үндэсний Аюулгүй байдлын зөвлөл (ҮАБЗ)-ийн дэргэд байгуулахаар болжээ.

Тодруулбал, ҮАБЗ өнөөдөр хуралдаж дээрх шийдвэрийг гаргасан байна. Ажлын багийн бүрэлдэхүүнд ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга А.Гансүх, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар орсон бөгөөд үйл ажиллагаагаа шуурхай зохион байгуулж ажиллахыг ажлын багийн даргад даалгажээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин “Газпром” НХН-т ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий дамжуулах “Сибирийн хүч-2” хийн хоолойн зураг төслийг боловсруулах ажлыг эхлүүлэх зөвшөөрлийг өнгөрсөн сарын 27-нд олгосон. 2020 онд “Газпром” НХН нь нийт 1.8 их наяд рублийн хөрөнгө оруулалтын төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Тухайлбал, 1942 км хийн хоолой барих, 114 цооног шинээр гаргах, байгалийн хий хадгалах газар доорх байгууламжаа 180 сая шоо метрээр нэмэх юм. Энэ хүрээнд “Сибирийн хүч-2” хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулах урьдчилсан ТЭЗҮ-ийн судалгаагаар БНХАУ-д жилд 50 тэрбум куб метр хий нийлүүлэх бүрэн боломжтой гэсэн дүгнэлт гарчээ.

Дэлхийн банкнаас 26.9 сая ам.долларын санхүүжилт олгоно

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Дэлхийн банкны суурин төлөөлөгч Андрей Михневтэй өнгөрсөн сарын 31-нд уулзаж, коронавирусний хямралыг даван туулах, эдийн засгийг эрсдэлээс хамгаалах бодлого, арга хэмжээний талаар санал солилцлоо.

Дэлхийн банкны группээс "COVID-19" халдварын тархалтын улмаас дэлхийн улс орнуудад үүсээд буй эдийн засгийн хүндрэлийг даван туулахад зориулж 14 тэрбум ам.долларын санхүүжилт олгохоор шийдвэрлэсэн. УИХ-ын дарга Г.Занданшатар уулзалтын эхэнд Монгол Улс санхүүжилтийн энэ боломжийг ашиглаж, эдийн засгаа хямралаас хамгаалах арга хэмжээнд зарцуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Эрсдэлээс сэргийлэхийн тулд бид нүүрс болон бусад бүтээгдэхүүний экспортыг дэмжих, иргэдээ ажилгүйдлээс сэргийлэх, үйлдвэрлэл, бизнесийн салбарынханд татвар, зээлийн хөнгөлөлт үзүүлэх, хүнсний хангамжийг тасалдуулалгүй, тогтвортой байлгах зэрэг олон талын арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Энэ чиглэлээр Дэлхийн банктай бид нягт хамтран ажиллахдаа баяртай байх болно хэмээн тэрбээр дурдлаа.

Дэлхийн банкны суурин төлөөлөгч Андрей Михнев, "Монгол Улсад нэн шаардлагатай эм тариа, хамгаалах хэрэгсэл, сорилын тест зэргийг худалдан авахад зориулан эхний ээлжинд 26.9 сая ам.долларын санхүүжилт олгох бөгөөд үүнийг богино хугацаанд, шуурхай хэрэгжүүлэхээр төлөвлөж байна” гэлээ. Тэрбээр Монгол Улс энэ амаргүй цаг үед дотооддоо шуурхай, оновчтой арга хэмжээ авч, вирусийг тархаалгүй, иргэдээ сайн хамгаалж байгааг Дэлхийн банк сайшааж байгааг мэдэгдэв. Түүнчлэн хэдийгээр вирусийн халдвар, тархалтын маш өндөр эрсдэл бүхий бүсэд оршдог боловч өнөөгийн нөхцөл байдал тун сайн байна гэсэн үнэлгээг олон улсын байгууллагууд өгч байгааг онцоллоо.

УИХ-ын дарга Г.Занданшатар “Корона вируст халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах” 26.9 сая ам.долларын төслийн гэрээг хаврын чуулганы эхэнд яаралтай батлах болно гэдгээ мэдэгдээд, талархал илэрхийлэв.

Дэлхийн банкнаас өмнө нь Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2020 онд 5.3 хувьтай байна гэж таамагласан ч вирусний эдийн засагт үзүүлж буй нөлөөллийг тооцсон сүүлийн судалгаагаар 2.4 хувь байна гэж гарчээ. Тиймээс эдийн засгийн хямралаас сэргийлэх чиглэлээр шуурхай, зөв оновчтой бодлого авч хэрэгжүүлэх шаардлагатай гэдгийг Дэлхийн банкны суурин төлөөлөгч онцоллоо.

УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг өргөн барив

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт энэ сарын 1-нд өргөн барилаа.

Дэлхий нийтийг хамарсан "COVID-193 халдварыг зогсоохын тулд ДЭМБ-аас  улс орнуудад өгч байгаа зөвлөмжийн дагуу Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой байдлын комисс шуурхай ажиллаж, иргэдээ халдварт тахлаас хамгаалж байгаа энэ цаг үед Монгол Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулган хуралдах хуулийн хугацаа давхцаж байгаа юм. ДЭМБ, Улсын онцгой комиссоос гаргасан зөвлөмж, шийдвэрийг УИХ мөрдөж, чуулганы нэгдсэн болон байнгын хороодын хуралдааныг эрсдэл багатай, шуурхай хуралдуулах нөхцөл боломжийг бүрдүүлэх зорилгоор онц байдал, дайн бүхий болон дайны байдал, олон улсын хөл хориот өвчин гарсан онцгой нөхцөлд асуудлыг цахим хуралдаанаар хэлэлцүүлэх дэгийг хуульд нэмж оруулах шаардлага тулгарчээ.

Тиймээс Үндсэн хуультай харшлахгүй тохиолдолд хуралдааны ирц бүрдүүлэх, санал хураах, төсөл хэлэлцэх үе шат, эцсийн найруулга сонсох болон шийдвэр хүчин төгөлдөр болох зэрэг асуудлыг цахимаар хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэж болохоор уян хатан хуульчлах шаардлагатай гэж үзсэн байна. Төсөлд  халдвар авсан, хөл хорио, хязгаарлалтад орсон, эмнэлэгт хэвтсэн зэрэг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хуралдаанд биечлэн оролцох боломжгүй боловч хэлэлцэж байгаа асуудлын талаар саналаа бичгээр болон цахим шуудангаар албан ёсоор илэрхийлсэн УИХ-ын гишүүнийг ирцэд бүртгэж, санал хураалтад оруулж тооцох боломж бүрдүүлэхээр тусгасан байна. Ирц, санал хураалтад оролцсон гишүүний саналаа илэрхийлсэн талаарх баримтыг хэлэлцсэн асуудлын хувийн хэрэгт хавсаргаж баталгаажуулахаар зохицуулалт оруулсан байна.

Харин онц байдал, дайн бүхий болон дайны байдал, олон улсын хөл хориот өвчин гарсан нөхцөл байдлаас бусад үед уг дэгээр асуудал хэлэлцэхгүй аж.

Ч.Хүрэлбаатар: Төрийн албан хаагчдыг ХХОАТ-аас чөлөөлөхгүй

Засгийн газраас шинэ коронавирусний цар тахлын үед хүндэрч байгаа эдийн засгаа дэмжих зорилгоор хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээний талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар энэ сарын 1-нд мэдээлэв.

Засгийн газрын хуралдаанаар Эдийн засгийг дэмжих багц арга хэмжээг УИХ-д оруулж санхүүжилтийг нь шийдвэрлүүлнэ хэмээн танилцууллаа. Тодруулбал, коронавирусний халдварын оношилгоо, эмчилгээнд хэрэглэх эм, эмнэлгийн бүтээгдэхүүнийг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэх аж. Хүүхдийн мөнгийг 10 мянган төгрөгөөр нэмж олгоно. Мөн өнөөдрөөс 10 дугаар сарын 1 хүртэл иргэдийн цалин хөлснөөс ХХОАТ авахгүй ч улсын төсвөөс цалин авдаг төрийн албан хаагч үүнд хамаарахгүй гэдгийг цохон тэмдэглэв. Мөн төрийн болон орон нутгийг өмчит аж ахуйн нэгжүүдэд хамаарахгүй юм байна. Түүнчлэн тендер авч улсаас мөнгөө аваад одоо ажиллаж байгаа компаниудыг энэ хөнгөлөлтөд хамруулахгүй. Дээрхээс бусад нийт 526 мянган иргэн нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөгдөх ажээ. Харин хувиараа нийгмийн даатгал төлдөг иргэдэд ажилгүйдлийн даатгалын сангаас сар бүр 200 мянган төгрөг олгоно.

Шинэ коронавирусний цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор төрөөс үйл ажиллагааг нь зогсоосон ч ажлын байраа хадгалж байгаа аж ахуйн нэгжийн ажилтанд сар бүр 200 мянган төгрөг олгоно гэдгийг тайлбарлалаа.

Жилийн борлуулах орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс доош аж ахуйн нэгжийг 6 сарын хугацаанд орлогын татвараас чөлөөлөх ч улсын төсвөөс мөнгө авч ажил хийж байгаа орлого хамаарахгүй аж. Нийтдээ 105 мянган аж ахуйн нэгж энэ хөнгөлөлтөд хамрагдана.

Түрээсээ багасгасан аж ахуйн нэгжийн түрээсийн орлогод ногдуулах татварыг мөн чөлөөлөхөөр болсныг дуулгалаа. Үүнд зах, худалдааны төв, үйлдвэр үйлчилгээний газраас гадна хувийн сургууль цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээний байр хамаарна гэдгийг онцоллоо.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэхдээ, 860 мянган иргэний 2020 оны эхний улирлын НӨАТ-ын буцаан олголтыг энэ сард багтаан олгоно гэлээ. Үүнээс гадна хоёр сая 511 мянга 332 иргэн, 486 аж ахуйн нэгж ЭТТ-н хувьцааны ногдол ашгаа тавдугаар сард багтаан авах юм байна.

"Чингис хаан” музейн Эрдэмтдийн зөвлөлийг байгуулав

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх захирамж гарган “Чингис хаан” музей байгуулах үйл ажиллагааг мэргэжлийн зөвлөгөөгөөр хангах үүрэг бүхий “Эрдэмтдийн зөвлөл” байгуулав. Тус музейн бүтээн байгуулалтын ажил энэ сарын 2-нд эхэлсэн юм.

Зөвлөлийг ШУА-ийн ерөнхийлөгч, академич, доктор, профессор Д.Рэгдэл даргалах бол гишүүнээр Философийн хүрээлэнгийн зөвлөх, доктор, профессор А.Цанжид, СГЗ, доктор профессор Л.Дашням,  Монголын соёл, яруу найргийн академийн ерөнхийлөгч, зохиолч, яруу найрагч, “Чингис хаан” одонт Г.Мэнд-Ооёо, ШУА-ийн Түүх угсаатны зүйн  хүрээлэнгийн салбарын эрхлэгч, доктор профессор Г.Мягмарсамбууг томилжээ. Мөн ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн салбарын эрхлэгч, доктор, профессор Б.Цогтбаатар, Нийслэлийн архивын газрын дарга, доктор, дэд профессор Б.Баатархүү, ИЗИС-ийн захирал, доктор, профессор Н.Ням-Осор, УДЭТ-ын ерөнхий  найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар, Бурханч лам, доктор Г.Пүрэвбат  нар ажиллана.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх зөвлөлийн гишүүдийг хүлээн авч уулзан Засгийн газраас соёл, урлагийн салбарыг хөгжүүлэхэд баримталж буй бодлого, Чингис хаан музейг байгуулах ажлын явцын талаар мэдээлэл солилцлоо. Музейг чанартай, өргөн утга агуулгатай, үндэсний үнэт өв болгох, дэлхийн хэмжээнд Чингис хааныг төдийгүй, Монгол Улсынхаа үүх түүхийг сурталчлан таниулах, иргэдийнхээ шүтээн болохуйц үнэ цэнэтэй давтагдашгүй жишиг болгохын төлөө хичээн ажиллахыг үүрэг болгосон юм.

Ерөнхийлөгч Х.Баттулгад “Алсын хараа-2050” төслийг гардуулав

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, ажлын багийн гишүүн Ардын багш С.Дулам, академич, доктор, профессор Т.Дорж нар энэ сарын 3-нд гардуулав.

“Алсын хараа-2050”-ын гол агуулга, зорилтыг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ уулзалтын эхэнд танилцуулсан бөгөөд Монгол Улсын хувьд өнгөрсөн 30 жилд алдсан алдаагаа давтахгүйгээр олсон ололтоо дараагийн 30 жилд бататгах нь чухал учраас энэ бүхнийг цогцоор нь багтаасан бодлогын баримт бичиг болсон гэдгийг онцолсон юм.

Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн хөгжлийн хөтөлбөр, бодлогын баримт бичиг, төсөл нь бодитой ажил болж  чадаагүй гол шалтгаан нь засаглалын тогтворгүй байдал, улс төрийн намууд нь ойлголцож улс орны хэмжээний бодлогын баримт бичгээ хэрэгжүүлж ажиллаагүйтэй холбоотой. Тиймээс улс орныхоо эрх ашгийг нэгдүгээрт тавьж, намчирхалгүйгээр хөгжлийн төлөө дуу хоолойгоо нэгтгэх цаг болсон учраас энэхүү бодлогын баримт бичгийг боловсруулсан гэлээ. Ардын багш С.Дуламын хувьд дэлхий нийтээрээ “Үндэсний нэгдмэл үнэт зүйл”-ийг чухалчлах чиг хандлагатай болсон учраас энэхүү бодлогын баримт бичгийг ч үүнд илүү анхаарч боловсруулсан гэдгийг тодотгосон. Монгол улсын хөгжлийн загвар бусдаас өөр байх ёстой гэдэг зарчмыг барьсан гэлээ.

Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсад өнгөрсөн 30 жилд 500 гаруй баримт бичиг баталсан ч хэрэгжиж чадаагүй шалтгааныг эргэж нарийн тооцож, бодитой ажил болгох үндэслэлийг энэхүү “Алсын хараа-2050”-д тусгасан гэдэгт эргэлзэхгүй байгаагаа илэрхийлсэн юм. Мөн урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийг боловсруулсан Засгийн газар, хамтарч ажилласан эрдэмтэн, судлаачид, ажлын хэсгийн нийт гишүүдэд талархал илэрхийлэв.

“Алсын хараа-2050” бодлогын баримт бичгийг боловсруулах  ажлын багийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ахалсан  бөгөөд гишүүдээр нь салбар салбарын эрдэмтэн, судлаачид, яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар болон зарим агентлагийн дарга нар, их, дээд сургуулийн захирал, удирдлагууд, ТББ-ын төлөөлөл зэрэг нийт 1500 орчим хүн есөн сарын турш хамтран ажилласан юм.

Тус бодлогын баримт бичгийн төслийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон УИХ-ын дарга Г.Занданшатар, улс төрийн намуудын дарга  нар, аймгуудын удирдлагуудад хүлээлгэж өгсөн бөгөөд ирэх долоо хоногт эхлэх УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцүүлэхэд бэлэн болоод байгаа юм. Мөн иргэдийн дунд болон улс төрийн намууд, эрдэмтэн судлаачид зэрэг нийгмийн бүхий л давхаргын төлөөллүүдээр төслийг хэлэлцүүлж, санал бодлыг нь тусгахаар ажиллаж буй билээ.

Монгол Улсын Урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг нь суурь 9 зорилго, хөгжлийн 50 зорилттой бөгөөд 10 жилээр буюу 2020-2030 он, 2031-2040 он, 2041-2050 он гэсэн 3 үе шаттайгаар зорилт тус бүрийн үйл ажиллагааны чиглэлийг төлөвлөсөн. “Алсын хараа-2050”-ийн бодлогын гол цөм нь “Монгол хүн” байж хөгжлийн бодлогын зорилго бүр нь монгол хүний сайн, сайхан байдлыг дээшлүүлэхэд чиглэж байгаа юм.

/МОНЦАМЭ/.

Сэтгэгдэл бичих