АТГ төрийн болон нийтийн албанд ажиллаж буй албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгийн мэдээллийг авч эхэллээ. Оны эхний өдрөөс эхэлсэн энэхүү үйл ажиллагааны хүрээнд нэгдүгээр сарын 10-нд нэрсийн жагсаалтыг шинэчлэн эцэслэн гаргах талаар мэдээллээ.
2024 оноос ХОМ-ийг авахад өөрчлөгдөж буй зүйлийн талаар АТГ-ын хяналт, шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс танилцууллаа. АТГ тухайн албан тушаалтан томилогдон ажилласнаас 1-2 жилийн дараа хөрөнгө нь нэмэгдэж өсөөгүй буюу ХОМ нь өөрчлөгдөөгүй, нэг хэвийн мэдүүлдэг ч хамаарал бүхий хүмүүс, этгээдүүдийнх нь хөрөнгө илт өссөн байдаг тохиолдол цөөнгүй байдгийг тогтоож, 2023 онд дээрх байдлыг цэгцэлж тогтоох үүднээс хянан шалгаж ажиллаж байгаа тухайгаа хэллээ.
Албан тушаалтны хамаарал бүхий хүмүүс нь хэдийгээр Авлигын эсрэг хуулийн зүйлчлэлд хамаарахгүй ч гэсэн албан тушаалтнууд тэднээр дамжуулан үндэслэлгүйгээр хөлжиж, авлига, албан тушаалын хэргээр олж авсан хөрөнгөө татан төвлөрүүлж, эргүүлж хууль ёсны болгох, татвараас зайлсхийх зэргээр хөрөнгөө янз бүрийн байдлаар нутагшуулдаг байна.
Хяналт шалгалтын явцад татварын 8.5 тэрбум төгрөгийн зөрчлийг тогтоон нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлсэн байна.
Хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлгийг хоёрдугаар сарын 15-ны дотор гаргаж өгөх үүрэгтэй юм.
АТГ-аас аймаг, орон нутагт ажиллаж буй төрийн болон нийтийн албанд ажиллаж буй албан хаагчдыг ХОМ-ээ хугацаанд нь гаргаж өгөхийг анхааруулж байна. ХОМ-ээ хугацаанд нь бүртгүүлж мэдээлээгүй, эсвэл бүрэн бус, худал мэдүүлсэн, хугацаа хожимдуулж мэдүүлсэн нөхцөлд тухайн албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх талаар сануулах, цалингийн хувь болон албан тушаал бууруулах, ажлаас халах хүртэл сахилгын шийтгэл хүлээлгэж, арга хэмжээ авдаг байна.
ХОМ-тэй холбоотой АТГ-т иргэдээс ирүүлсэн санал, гомдол, мэдээлэл 50 хувиар нэмэгджээ.
Хоёрт, АТГ мөн өнгөрсөн онд виртуал хөрөнгө, бусад нийтийн болон нийслэлийн өмчийн газар эзэмшил, газар олголт, барилга, байшингийн зөвшөөрөлтэй холбоотой, түүнчлэн шүүхээр хэлэлцэж буй хэрэгтэй холбоотойгоор хөрөнгө орлогын мэдүүлгийг мөн хянаж шалган ажиллажээ.
Өнгөрсөн 2023 онд 49.680 албан тушаалтан ХОМ-ээ гаргахаар бүртгүүлж байв. Гэмт хэргийн шинжтэй нийт 60 этгээд бүртгэгджээ.