УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр Төрийн ордонд ээлжит хуралдаанаа хийж, гурван асуудал хэлэлцсэн байна.
Тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “УИХ-ын чуулган завсарлах дөхөж байна. Энэ сарын 20-дын үеэр чуулган засварлана байх. Бидний өмнөө тавьсан том зорилго бол авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх явдал хэмээн тодорхойлсон. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг энэ удаагийн чуулганаар батлах нь зүйтэй гэж үзлээ. Мөн Хүүхэд хамгааллын тухай, Үнэт цаасны тухай зэрэг хэд хэдэн хуулийн төслийг хэлэлцэн батлах шаардлага үүсээд байна.
Мөн Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон тус хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт тухай хуулийн төслийг хэлэлцсэн. Гол нь нэг банкны хувьцаа эзэмшигчдийн хэмжээ 20 хувиас хэтрэхгүй гэх заалт энэ оноос хэрэгжиж эхэлсэн юм. Үүнтэй холбоотой олон улсын байгууллагаас болон банкуудаас хуулийн хугацааг сунгаж өгөх хүсэлт гаргасан. Иймд энэхүү заалтыг 2026 он болгох нь зүйтэй гэж үзлээ.
Түүнчлэн УИХ-ын сонгуулийн тухай хуулиар олон үйл ажиллагааг хориглосонтой холбоотой Сонгуулийн Ерөнхий хорооноос гишүүдэд мэдээлэл өгсөн” гэлээ.