/France24/. 2024 он дөнгөж эхэлж байгаа хэдий ч улс төр, байгаль орчин, соёл урлаг, спортын гээд олон чухал үйл явдлаар дүүрэн жил болох төлөвтэй байна. Ингээд энэ онд болох гол үйл явдлуудыг танилцуулъя.
Таван орны БРИКС бүлэг хүрээгээ тэлж байна
БРИКС буюу Бразил, Орос, Энэтхэг, Хятад, Өмнөд Африк гэсэн хөгжиж буй таван томоохон улс орноос бүрдсэн бүлэг таван шинэ гишүүнд үүд хаалгаа нээгээд байгаа билээ. 2023 оны наймдугаар сард Йоханнесбург хотноо болсон БРИКС-ийн жил тутмын дээд хэмжээний уулзалтын үеэр уг шийдвэрийг гаргасан юм. Ингэснээр 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс Саудын Араб, АНЭУ, Иран, Египет, Этиоп тус бүлгийн гишүүд боллоо. Аргентин улсыг мөн БРИКС-т нэгдэхийг урьсан боловч тус улсын шинэ Ерөнхийлөгч Хавьер Милей урилгыг хүлээн авахаас татгалзсан юм. Ийнхүү хүрээгээ тэлснээр тус холбоо дэлхийн өмнөд хэсгийн дуу хоолой болсон статусаа дахин баталж, Хүйтэн дайн дууссанаас хойш Өрнөдийн орнууд ноёрхож ирсэн олон улсын тавцанд илүү жинтэй үүрэг гүйцэтгэх төлөвтэй байна. БРИКС өргөжин тэлснээр гишүүн орнуудын хүн ам нийлээд 3.5 тэрбум орчим болж, дэлхийн нийт хүн амын 45 хувийг эзэлж байна.
Тайванийн засаг захиргааны тэргүүний сонгууль болно
2024 оны анхны сонгууль бол бүс нутгийн төдийгүй дэлхийн нийтийн анхаарлыг татаж буй сонгууль юм. Тодруулбал, нэгдүгээр сарын 13-нд Тайванийн сонгогчид эрх баригч Ардчилсан дэвшилтэт намын дэд ерөнхийлөгч Лай Чин Тэ, Гоминдан намын Хоу Ю Их, Тайванийн Ардын намын Ко Вэнь Жэ гэсэн гурван нэр дэвшигчийн аль нэгийг нь засаг захиргааны тэргүүнээр сонгоно. Одоогийн засгийн газарт тааламжгүй хандаж буй Хятад улс энэхүү сонгуулийг дайн ба энх тайвны хоорондох сонголт хэмээн тодорхойлжээ. Тайванийг өөрийн нутаг дэвсгэрийн салшгүй хэсэг гэж үздэг тус улс сүүлийн үед арлын эргэн тойронд явуулж буй сүрдүүлэх ажиллагаагаа сүүлийн хэдэн арван жилд байгаагүй хэмжээнд хүргэж эрчимжүүлснээр АНУ, Хятадын хооронд хурцадмал байдал үүсгэх эрсдэлтэй. Хэдийгээр АНУ Тайванийн тусгаар тогтнолыг дэмжихгүй гэж мэдэгдсээр ирсэн боловч ардчиллыг нь дэмжиж, тус аралд цэргийн тусламж үзүүлдэг.
Африкийн цомын тэмцээн Кот д’Ивуарт болно
Африк тивийн хөл бөмбөгийн холбооноос зохион байгуулдаг Африкийн цомын 34 дэх удаагийн тэмцээнийг Кот д’Ивуар улс нэгдүгээр сарын 13-наас хоёрдугаар сарын 11-ний хооронд зохион байгуулахаар бэлтгэж байна. Кот д’Ивуарчууд эх орондоо түрүүлэх үү, өмнөх тэмцээний аварга Сенегалын шигшээ багийг буулгаж авч чадах уу гэдгийг цаг хугацаа харуулна. Эхний тоглолт энэ сарын 13-нд Абижан хотын хойд хэсэгт орших "Alassane Ouattara" цэнгэлдэх хүрээлэнд талбайн эзэн Кот д’Ивуар болон Гвиней-Бисаугийн шигшээ багуудын хооронд өрнөнө.
В.Путин Оросын ерөнхийлөгчөөр улиран сонгогдох төлөвтэй байна
Оросууд гуравдугаар сарын 17-нд ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгөх бөгөөд Ерөнхийлөгч Владимир Путиний 20 жилийн турш үргэлжилсэн засаглалын хугацаа сунгагдах магадлалтай байна. В.Путин энэ зууны эхэн үеэс Оросыг удирдаж, Ерөнхий сайдын албыг хаших хугацаанд богино хугацаагаар завсарласан ч дөрвөн удаа ерөнхийлөгчийн сонгуульд ялсан юм. Өдгөө 71 настай тэрбээр сүүлийн жилүүдэд ямар ч хэлбэрийн эсэргүүцлийг системтэйгээр дарж чадсан. Түүний хамгийн алдар цуутай өрсөлдөгч, Кремлийг шүүмжлэгч Алексей Навальныйгийн хувьд өдгөө Арктикийн хойд хэсэгт байрлах шоронд 19 жилийн хорих ял эдэлж байгаа юм. Украины эсрэг асар их зардалтай дайн явуулж, олон мянган орос цэрэг амиа алдаж, улс орны дотоодод удаа дараа халдлага гарсан хэдий ч В.Путин өргөн олны дэмжлэгийг хүлээсэн хэвээр байна.
Энэтхэгчүүд бүх нийтийн сонгуульд саналаа өгч, Н.Моди гурав дахь удаагаа сонгогдохоор оролдоно
Энэтхэгт 4-5 дугаар сард болох бүх нийтийн сонгуульд олон зуун сая иргэн саналаа өгнө. Энэ удаагийн сонгуулиар Ерөнхий сайд Нарендра Модид засгийн газрыг байгуулах эрхийг гурав дахь удаагаа олгох магадлал өндөр байна. Тэрбээр олон нийтийн санал асуулгуудыг тэргүүлж байгаа бөгөөд өнгөрсөн 12 дугаар сард нам нь гурван томоохон мужид ялсан амжилттайгаар 2024 оны сонгуулийн кампанит ажилдаа орж байна. Гэхдээ хэвлэлийн эрх чөлөөг хязгаарлаж, хүний эрхийн зөрчил, ялангуяа тус улсын цөөнх мусульманчуудтай холбоотой шүүмжлэл нэмэгдэж байгаа энэ үед гурав дахь бүрэн эрхийн хугацаа нь ардчилалд хэрхэн нөлөөлөхтэй холбоотой болгоомжлол мөн гараад байна.
Нормандид холбоотны цэрэг буусны 80 жилийн ойг тэмдэглэнэ
Дэлхийн II дайны үед Холбоотны цэргүүд Нормандын эрэгт буусны 80 жилийн ойг Франц улсад тэмдэглэнэ. 1944 оны зургаадугаар сарын 6-нд холбоотнууд дэлхийн түүхэнд үзэгдээгүй далайгаас эх газарт десант буулгах нүсэр том ажиллагааг явуулсан нь Германд эзлэгдсэн Баруун Европыг чөлөөлөх эхлэлийг тавьсан юм. Энэхүү үйл явдлыг дурсах, амь үрэгдэгсдэд хүндэтгэл үзүүлэх олон улсын арга хэмжээ Омаха эрэг дээр болох бөгөөд төрийн тэргүүн нар, ахмад дайчид, албаны хүмүүс оролцоно.
Европын парламентыг шинээр сонгоно
Европын парламентын 2024 оны сонгууль зургаадугаар сарын 6-9-ний хооронд болох бөгөөд зарим гишүүн оронд хэт барууны үзэлтнүүд засгийн эрхэнд гарсантай холбоотойгоор түүхэн дэх хамгийн маргаантай сонгууль болох төлөвтэй байна. Барууны төвч үзэлтэй Европын Ардын нам /EPP/ давамгайлж буй 720 гишүүнтэй Европын Холбооны хууль тогтоох байгууллагыг шинэчлэн сонгохын төлөө европчууд саналаа өгөх юм. 2024 оны сонгууль нь Их Британи тус холбооноос 2020 оны нэгдүгээр сарын 31-нд албан ёсоор гарснаас хойш явуулж буй Европын парламентын анхны сонгууль юм. Европын парламентын сонгууль нь сонгогчдын ирц бага байх асуудалтай байнга тулгардаг. Харин эрчим хүч, инфляц, цар тахлын дараах эдийн засгийн сэргэлт, ЕХ-ны гадаад бодлого зэрэг асуудалтай тулгарч буй үед энэ удаагийн сонгууль нь тивийн ирээдүйг тодорхойлоход нэн чухал юм.
Парист 2024 оны Олимп, Паралимпыг зохион байгуулна
Парис хот хамгийн сүүлд 1924 оны Олимпоос хойш 100 жилийн дараа буюу түүхэндээ гурав дахь удаагаа 2024 оны Олимп, Паралимпын наадмыг зохион байгуулах гэж байна. Долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний хооронд “Гэрэлт хот” гэгддэг Парист болох хамгийн том спортын арга хэмжээнд дэлхийд авьяас чадвараараа гайхагдсан тамирчид хурд хүчээ үзнэ. Гандбол, хөл бөмбөг, регбигийн тэмцээнүүд хамгийн эхэнд буюу долоодугаар сарын 24-нөөс эхэлнэ. Шууд залгуулаад наймдугаар сарын 28-наас есдүгээр сарын 8-ны хооронд Паралимпын наадам болно. Гэхдээ Парисын Олимпод бүх улс орны шилдэг тамирчид оролцож чадахгүй нь. Тодруулбал, Украинд үргэлжилж буй дайны улмаас Орос, Беларусийн тамирчид улс орныхоо нэрийн өмнөөс бус харин бие даасан статустайгаар зөвхөн багийн тэмцээнд оролцох боломжтой, харин Олимпын хорооны бие даасан байдалд Засгийн газар нь хөндлөнгөөс оролцсоны улмаас Гватемалын тамирчид эрхээ хасуулжээ.
Трамп, Байден нар дахин учраа таарах уу?
Ирэх 11 дүгээр сард болох Ерөнхийлөгчийн сонгууль нь Жо Байден, Дональд Трамп нарын хооронд 2020 онд өрнөсөн өрсөлдөөнтэй олон талаараа төстэй харагдаж байж болох ч агуулгын хувьд огт өөр байх төлөвтэй байна. Д.Трампын эсрэг одоогоор дөрвөн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд саяхан АНУ-ын гурав дахь муж улсын шүүхээс 2024 оны санал хураалтад оролцох эрхийг нь хассан юм.
Харин Ж.Байден хүүгийнхээ гадаад дахь бизнесийн үйл ажиллагаанаас зүй бусаар ашиг олсон гэх асуудлаар Төлөөлөгчдийн танхимд шалгагдаж байна. АНУ-ын 60 дахь удаагийн ерөнхийлөгчийн сонгууль нь 2024 оны хамгийн их анхаарал татсан улс төрийн үйл явдал болох нь дамжиггүй. Д.Трамп, Ж.Байден нар тус тусын намынхаа сунгаанаас шалгарч, нэр дэвшсэн тохиолдолд АНУ-ын дараагийн ерөнхийлөгч болохын төлөө өрсөлдөх юм. Бүгд найрамдах намын сунгаанд Флорида муж улсын захирагч Рон ДеСантис, НҮБ-д суугаа АНУ-ын Элчин сайд асан Никки Хейли нар Д.Трамптай өрсөлдөж байгаа бол Ж.Байдены өрсөлдөгчдийн тоонд зохиолч, улстөрч Марианна Уильямсон, Миннесота муж улсаас Конгресст сонгогдсон гишүүн Дин Филлипс нар орж байна.
Азербайжан COP29-ийг зохион байгуулна
Газрын тос, байгалийн хий олборлогч Азербайжан улс энэ онд уур амьсгалын асуудлаарх дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулна. Тус улс 2023 оны 12 дугаар сарын эхээр Зүүн Европын орнуудаас дэмжлэг авснаар уг эрхийг авсан юм. Үүнээс өмнө уулзалтыг хаана хийх тухай асуудал олон сарын турш мухардалд ороод байв. Тухайлбал, Европын Холбооны гишүүн аливаа улсын саналд ОХУ хориг тавихаа мэдэгдээд байлаа. НҮБ-ын бага хурал Азербайжаны нийслэл Баку хотноо 11 дүгээр сарын 11-24-ний өдрүүдэд болох бөгөөд хэлэлцэх гол асуудал нь “олборлох түлшнээс татгалзах үйл явцыг санхүүжүүлэх" тухай асуудал байх бололтой.
Парисын эх дагинын сүм дахин үүдээ нээнэ
Эх дагинын сүмд 2019 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр гал гарснаас хойш таван жилийн хугацаа өнгөрч байна. Тэгвэл хамгийн олон жуулчныг татдаг тус байгууламж 12 дугаар сарын 8-нд нээгдэж, жуулчид болон мөргөлчид Дундад зууны үеийн сүмийн баримал, чимэглэлийг дахин үзэж нүдээ баясгах боломжтой болно. Эх дагинын сүм үүд хаалгаа дахин нээснийхээ дараа жилд 14 сая жуулчныг хүлээн авах бөгөөд энэ нь түймрийн өмнөхөөс даруй хоёр саяар олон юм. Мөн гал түймрээс хамгаалах өвөрмөц системээр тоноглох гэнэ. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон сүмийн нээлтийн ёслолд Пап Францисийг урьжээ.