Төрийн ордонд өнөөдөр төрийн дээд цол, одон, медаль гардуулах ёслолын үйл ажиллагаа болж байна. Энэ үеэр зохиолч Чинагийн Галсан Хөдөлмөрийн баатар цол хүртлээ.
Монгол Улсын соёлын бүтээлч өв, уран зохиолыг олон улсад сурталчлах, эх хэл, өв соёлоо хамгаалах, үндэсний ёс заншлаа залуу үедээ өвлүүлэх уламжлуулах, уран зохиол, орчуулгын олон 10 бүтээл туурвин ард түмнээ соён гэгээрүүлэх болон байгаль эх дэлхийгээ хамгаалахад оруулсан жинтэй хувь нэмрийг нь өндрөөр үнэлэн түүнд энэхүү хүндэт шагналыг олгож байгаа юм.
Олонд хүндлэгдсэн эрхмүүдийн тухай Тэнгэрийн заадас хэмээх хөрөг номд Ч.Галсан гуайн "Би амьдралын чин үнэнийг гаргаж бичдэг. Байгалийг хуулж шүтдэг. Байгаль хэзээ ч худлаа хэлдэггүй. Байгаль шүтсэн хүн хэзээ ч буруу замаар ордоггүй" хэмээн ярьсан нь багтсан байдаг.