Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан зарим шийдвэрүүдийн талаар холбогдох сайдууд мэдээлэл хийлээ. Энэ үеэр Барилга хот, байгуулалтын сайд Ц.Даваасүрэн Үндэсний орон сууцны санхүүжилтийн корпорацын талаар мэдээлэл өгсөн юм.
Тэрбээр “Үндэсний орон сууцны санхүүжилтийн корпорацын бүтцийг байгуулахаар шийдвэрлэлээ. Бид өмнө нь ипотекийн зээлийн тогтолцоог Монголбанкнаас Засгийн газарт үе шаттайгаар шилжүүлнэ гэж байсан. Сарын орлого нь хоёр саяас доош иргэдийн хувьд ипотекийн зээлд хамрагдаж чаддаггүй.
Судалгаанаас харахад 19 мянга орчим айл өрхийн сарын орлого 500 мянган төгрөг учраас орон сууцны зээлд хамрагдах боломж байхгүй байна. Үүнийг зохицуулахаар төлөвлөж байна. Тиймээс ипотекийн зээлийг тодорхой зорилтод эмзэг бүлэг, ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох ажлыг зохион байгуулна” гэв.