УИХ-ын сонгуулийн тойргийг бүсчилсэн хэлбэрээр тогтоох асуудлаар парламентад суудалтай улс төрийн намууд зөвшилцөн санамж бичиг байгуулж, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, АН-ын дарга Л.Гантөмөр, ХҮН намын дарга Т.Доржханд нар өнөөдөр гарын үсэг зурлаа.
Санамж бичигт үндэсний нийтлэг эрх ашгийг дээдлэн, парламентын тогтолцоог төгөлдөржүүлэх, Үндсэн хуулийн өөрчлөлтийг амьдралд бодитоор хэрэгжүүлэхийн тулд УИХ-ын сонгуулийн тойргийг томсгож бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулах, нэг төвтэй улсаас олон төвтэй улс болох зорилгоор бүсийн төв хотуудыг бий болгох, нийслэлийн хүн амын төвлөрлийг бууруулах, хурдтай өөрчлөгдөж буй олон улсын шинэ нөхцөл байдалд нийцүүлэн Монгол Улсын тусгаар тогтнол, эв нэгдэл, үндэсний аюулгүй байдлын баталгаа болсон эрх зүйт ёсыг бэхжүүлэх, улс орны болон бүс нутгийн хөгжлийн бодлогыг уялдуулан нэгтгэж төсөв хөрөнгө оруулалтын оновчтой бодлогыг бий болгох, улс төрд төлөөлөгчөө илгээх иргэдийн сонголтыг өргөжүүлэх, популист улс төрөөс татгалзаж хөгжлийн хөтөлбөрөөр өрсөлддөг үндэсний хэмжээний бодлогын намыг төлөвшүүлэх, тойргийн төсвөөс татгалзаж кластер дээр суурилсан бүс нутгийн эдийн засгийн хөгжлийг дэмжих, улс төрийн зөвшилцлийн хүрээнд Үндсэн хуульд заасан Монгол Улс төрийн тогтолцооны хувьд нэгдмэл байх зарчмыг алдагдуулахгүйгээр УИХ-ын сонгуулийг хуулийн дагуу шударгаар зохион байгуулах, сонгуулийн тогтолцооны тогтвортой байдлыг хадгалах, УИХ-ын гишүүн жинхэнэ утгаараа Монголын нийт ард түмний төлөөлөгч болох зарчмыг бодитоор хэрэгжүүлэх зэрэг асуудлыг тусгасан байна.
Санамж бичигт туссан асуудлаар улс төрийн бүх намтай зөвшилцөх аж.