МҮОХ-ны тэргүүн дээд шагнал гардуулах “Бөртэ чоно 2023” наамдын шилдгүүд тодорлоо. Спортын салбарын шилдгүүдийг тодруулах 21 дэх удаагийн ёслол заримд нь баяр баясал авчирсан бол нэг хэсэг нь шагналтнуудад шүүмжлэлтэй байв. Энэ жилийн тухайд шилдэг эрэгтэй, эмэгтэй тамирчин болон багт Монголын спортын сэтгүүлчдийн холбоонд гишүүнчлэлтэй сэтгүүлчид санал өгсөн. Харин залуу тамирчин, паралимпийн тамирчин, дасгалжуулагч, холбоо зэрэг бусад номинацийн шилдгүүдийг МҮОХ-ноос тодруулсан билээ. “Бөртэ чоно” ёслолыг Улсын филармонийн дэргэдэх тэргүүн зэргийн “Чингис хаан” одонт Морин хуурын чуулгынхан Төрийн шагналт Б.Шаравын алдарт “Сэрсэн тал”-аар эхлүүлсэн бол МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг тамирчид, дасгалжуулагчид, спортын зүтгэлтнүүдэд хандан нээлтийн үг хэлсэн юм.
Шилдгүүдийг шалгаруулах ёслолын хамгийн эхний номинацийн эзэн нь тусгай сургалттай 70 дугаар сургуулийнхан байлаа. Баянгол дүүрэг байрлалтай тус сургууль “Шилдэг олимпын танхим”-д нэр дэвшиж, “Бөртэ чоно”-ын эзэн болов. 70 дугаар сургуулийн олимпын танхим нь боловсролын тусгай хэрэгцээ шаардлагатай суралцагчдад олимпизмын үзэл санааг 2005 оноос хойш тууштай түгээн дэлгэрүүлж, энэ оны “Олимпын боловсрол ба бие бялдрын хүмүүжил” сэдэвт болзолт уралдаанд амжилттай оролцон улсын тэргүүний сургууль, олимпын танхимаар шалгарсан юм байна. Мөн үйл ажиллагаандаа AR, VR технологийг анхлан нэвтрүүлсэн төдийгүй олимпын боловсрол, хүмүүжил, тэмцээн уралдаан, танин мэдэхүйн чиглэлээр 30 гаруй багц ажил амжилттай хэрэгжүүлжээ.
Харин шилдэг олимпын зүтгэлтэн болж, “Бөртэ чоно” гардсан Японы иргэн, Монгол Улсын өргөмжит консул, МҮОХ-ны элч төлөөлөгч Каваүчи Широгийн хувьд манай улсад бэйсбол-софтбол, бокс, жүдо бөхийн баг тамирчдыг бүхий л талаар дэмжин ажилладаг нэгэн. Түүнчлэн шинэлэг спорт болох тийболын төрлийг хүүхэд багачуудад сурталчлан хөгжүүлэх ажлыг амжилттай өрнүүлж байгаа юм. Олимпын зүтгэлтэн Каваүчи Широ нь энэ онд Монголын спорт, олимпизмын хөгжилд нийт 300 гаруй сая төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлсэн байна.
Түүнчлэн шилдэг ивээн тэтгэгчээр тодорсон “361” брэндийг онцлохгүй өнгөрч боломгүй. Тэд энэ онд Монголын баг тамирчдыг гурван тэрбум гаруй төгрөгийн өртөг бүхий 1390 иж бүрэн хувцсаар ивээн тэтгэжээ.
“Шилдэг холбоо”-гоор Монголын жүдо бөхийн холбоо, Монголын гимнастикийн холбоо шалгарсан юм. Хийсэн ажилтай, хэлэх үгтэй, зөв менежменттэй, эх орондоо томоохон тэмцээнийг амжилттай зохион байгуулсныг нь үнэлж тэднийг ийн шилдгээр тодруулсан аж. Монголын жүдо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батгэрэл сэтгэгдлээ хуваалцахдаа “Энэхүү нэр хүндтэй шагналыг 2023 онд авсандаа баяртай байна. Манай холбоо, манай жүдочдын хувьд энэ онд чамлахааргүй амжилт гаргалаа. Эх орондоо “Их дуулга” ангиллын тэмцээнийг хоёр дахь удаагаа зохион байгуулсан. ДАШТ-ээс хоёр хүрэл, Азийн наадмаас хоёр мөнгө, зургаан хүрэл медаль хүртлээ. Мөн өсвөрийн дэлхийн аваргаас мөнгөн медаль авсан байна. Мөн Их дуулга, гранпри болон нээлттэй тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медаль нэжгээдийг авлаа. Манай жүдочид 2024 оны нэгдүгээр сараас Европын цуврал тэмцээн, хамтарсан бэлтгэлд оролцоно. Харин гуравдугаар сард гурван ч “Их дуулга”-тай. Тавдугаар сард ДАШТ-д өрсөлдөнө. Хамгийн том тэмцээн нь Парисын олимп. Тус наадамд манай жүдочид бүтэн багаараа оролцох төлөвлөгөөтэй. Одоогийн байдлаар 11 жинд эрхээ авсан байна. Ганц, хоёр жинд оноогоо улам ахиулах зорилго тавиад бэлтгэл сургуулилтаа хийж байна” гэв.
Харин Монголын гимнастикийн холбооны удирдлагууд “2023 оны “Бөртэ чоно”-ын эзэн болсондоо талархаж байна. Энэ бол манай холбооны нийт хүмүүсийн багийн амжилт байлаа. Ялангуяа манай ерөнхий нарийн бичгийн дарга Ерөөлбатдаа маш их баярлаж байна. Бүхий л ажлыг нугаллаа. 2023 онд Монголын гимнастикчид маш өргөн цар хүрээг хамруулсан ажил зохион байгуулсан. Ялангуяа спортын гимнастикийн төрөлд Дэлхийн цомд манайхан том амжилт үзүүлсэн. Мөн Азийн цом болон ААШТ-ийг эх орондоо амжилттай зохион байгууллаа. Ирэх онд нийтийн гимнастикийн том тэмцээнийг Монголд хүлээж авахаар ярилцаж байна. 2023 онд хийсэн ажлуудаа үнэлүүлсэндээ баяртай байна. Энэ цомыг авахад Монголын гимнастикчид, тэдний гэр бүлийнхэн, дасгалжуулагч, шүүгч нар, клуб, байгууллагууд, дэмжигчдийн маань хөлс, хөдөлмөр шингэсэн юм шүү” хэмээн баярын сэтгэгдлээ хуваалцлаа.
Спортын сэтгүүлчдийн саналаар тодруулдаг шилдэг тамирчин болон баг номинацид хэн нь амжилтаа үнэлүүлснийг цухас дурдъя. Шилдэг багаар сагсан бөмбөгийн 3х3 төрлийн шигшээ тодорлоо. Тэдний энэ жил үзүүлсэн гол амжилт нь Азийн аварга болон “Их дуулга”-ын алтан медаль юм.
Харин шилдэг эмэгтэй тамирчнаар боксын дэлхийн аваргын мөнгөн медальт Л.Алтанцэцэг, чөлөөт бөхийн дэлхийн аваргын мөнгө, Азийн наадмын хүрэл медальт Э.Дэлгэрмаа шалгарсан бол шилдгийн шилдгээр Д.Отгонжаргал тодров.
Тэгвэл шилдэг эрэгтэй тамирчнаар дугуйн С.Жамбалжамц, жүдогийн Ё.Басхүү, шилдгийн шилдгээр байт харвааны Б.Отгонболд нар шалгарсан. С.Жамбалжамцын хувьд Парисын олимпод оролцох эрхээ авсан, Испанийн мэргэжлийн дугуйн багт нэгдсэн, Азийн наадмаас хүрэл медаль хүртсэн зэрэг олон анхдагч амжилтын эзэн болсноороо “Бөртэ чоно” хүртсэн Ё.Басхүү дэлхийн аваргаас хүрэл медаль зүүж, Азийн наадамд аман хүзүүдэн, Улаанбаатарын “Их дуулга”-аас алт, Тбилиси болон “Бага дэлхийн аварга” гэгдэх Токиогийн “Их дуулга”-ын дэд аварга болсон юм. Харин шилдгийн шилдгээр шалгарч шилжин явах цомын эзэн болсон Б.Отгонболдын хувьд Азийн наадамд байт харвааны төрлөөр түрүүлсэн анхны тамирчин болоод зогсохгүй Парисын олимпод оролцох эрхээ авсан нь “Үзэгтэй тамирчид”-аас өндөр оноо авахад нөлөөлжээ. Энэ нь Монголын топ дөрөв гэгдэх чөлөөт бөх, жүдо, буудлага, боксоос бусад төрлөөс шилдгийн шилдэг тамирчин тодорсон анхны тохиолдол болсон юм.
Шилдгийн шилдэг эрэгтэй тамирчин болж, шилжин явах цом гардсан Б.Отгонболд ярихдаа “Та бүхэндээ маш их баярлалаа. Миний хувьд “Бөртэ чоно”-д нэр дэвшсэн нь өөрөө нэр төрийн хэрэг байлаа. Шилдгийн шилдэг болж шагнал авна гэж огт бодоогүй, төсөөлөөгүй. Энэ хүртэл өсгөж хүмүүжүүлсэн аав, ээждээ болон Монголын байт харвааны холбоо, БТСУХ, МҮОХ, “Алдар” спорт хорооны хамт олон, дасгалжуулагч нартаа баярласнаа хэлье. Яг үнэндээ тулгамдаад хэлэх үг үнэхээр олдохгүй байна” хэмээн баярын нулимс унагав.
Шилдгүүдийг шалгаруулж дууссаны дараа уламжлал ёсоороо Монгол Улсын хоёр дахь төрийн дуулал гэгдэх “Халуун элгэн нутаг”-аар ёслолыг хаасан юм.
21 дэх удаагийн “Бөртэ чоно” ёслолын шилдгүүдийг танилцуулъя.
Шилдэг олимпын танхим
Нийслэлийн ерөнхий боловсролын 70 дугаар сургуулийн олимпын танхим
Шилдэг олимпын зөвлөл
Төв аймгийн “Сөүл” олимпын зөвлөл
Шилдэг олимпын зүтгэлтэн
Японы иргэн, Монгол Улсын өргөмжит консул, МҮОХ-ны элч төлөөлөгч Каваүчи Широ
Шилдэг спортын сэтгүүлч
МҮОНТВ-ийн сэтгүүлч Отгонбаярын Сонинбаяр
Спортын шилдэг бүтээн байгуулалт
Монголын хөлбөмбөгийн холбооны хэрэгжүүлсэн “AIRDOM” төсөл
Спортын шилдэг ивээн тэтгэгч
Emart-Скай хайпермаркет
Спортын 361 брэнд
Шилдэг спортын холбоо
Монголын жүдо бөхийн холбоо
Монголын гимнастикийн холбоо
Монголын крикетийн холбоо
Шилдэг шүүгч
Хөлбөмбөгийн олон улсын шүүгч Ө.Батцэцэг
Чөлөөт бөхийн олон улсын шүүгч Б.Алтангадас
Шилдэг дасгалжуулагч
Чөлөөт бөхийн дасгалжуулагч Т.Сүхбаатар
Монголын хоккейн шигшээ багийн ахлах дасгалжуулагч А.Мэргэн
Оны онцлох Бөртэ чоно
"Улаанбаатар 2023" Зүүн Азийн залуучуудын наадмын зохион байгуулах хороо
Шилдэг залуу тамирчин
Боксын олон улсын хэмжээний мастер О.Энхсайхан
Паралимпын шилдэг тамирчин
Монгол Улсын гавьяат тамирчин Б.Болор-Эрдэнэ
Шилдэг баг
Сагсан бөмбөгийн 3х3-ын үндэсний шигшээ баг
Шилдэг эмэгтэй тамирчин
Гавьяат тамирчин Д.Отгонжаргал /чөлөөт бөх/
ОУХМ Э.Дэлгэрмаа /чөлөөт бөх/
ОУХМ Л.Алтанцэцэг /бокс/
Шилдэг эрэгтэй тамирчин
ОУХМ Б.Отгонболд /байт харваа/
ОУХМ Ё.Басхүү /жүдо/
ОУХМ С.Жамбалжамц /дугуй/