Д.Тогтохсүрэн: Сонгуулийн тойргийг долоон бүсэд хуваах асуудал яригдаж байна

оруулсан Алсын Хараа

Т.БАТСАЙХАН

МАН-ын бүлгийн өчигдрийн хуралдаанаар  2024 оны УИХ-ын сонгуулийн тойрог байгуулж, мандат тогтоох асуудлыг хэлэлцжээ.  Өчигдөр өглөө МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, сонгуулийг бүсчилсэн тойргоор явуулах улс төрийн шийдвэр гаргасан байна.   Улмаар удирдах зөвлөлөөс гаргасан шийдвэрийг  МАН-ын бүлэг хэлэлцээд  дэмжжээ.  Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн байр сууриа илэрхийлж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Бүлгийн гишүүд энэ асуудалд нэгдсэн байр сууринд хүрсэн гэж ойлгож болох уу?

-Парламентад суудалтай улс төрийн намууд ярилцаж байна.  Ардчилсан намын Улс төрийн зөвлөл хуралдаж,  шийдвэр гаргасан. МАН-ын Удирдах зөвлөл өглөө хуралдсан.  Улмаар бүлгээс 2024 оны УИХ-ын сонгуулийг бүсчилсэн том тойргоор явуулах нь зүйтэй гэж үзлээ. Хэдэн мандаттай байх вэ гэдгээ хоорондоо уулзаж, зөвшилцөнө. Амжвал энэ долоо хоногтоо багтаагаад намуудтайгаа зөвшилцөөд нэг талдаа гаргана.  Дараа нь УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцүүлнэ гэдэг санал нэгдлээ.  Мөн манай намын зүгээс парламентад суудалгүй намуудтай ярилцаж зөвшилцөж байна. УИХ-ын сонгуулийг бүсчилсэн том тойргоор явууулах саналыг зарим нам дэмжиж байна,  зарим нь өөр байр суурьтай байна.

-Бүсчилсэн тойргийг хэрхэн хуваарилах вэ?? 

-Тойрог, мандатыг улс төрийн намуудтай ойрын хугацаанд ярилцаад, түүний дараа Төрийн байгуулалтын байнгын хороонд оруулна.  Ерөнхийдөө тогтоолын төслийг бэлтгэж эхэлсэн. Монгол Улс одоогийн баруун, хангай, төв, зүүн,, говийн бүс гэсэн таван бүстэй. Энэ бүсийг дотор нь баруун бүс хоёр тойрог, хангайн бүс хоёр тойрог, төвийн бүс хоёр тойрог, зүүн бүс дангаараа гээд долоо орчим тойрог болох болов уу. Эцэслэж шийдээгүй байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй.  Хүн амын тоо, газар нутгийн хэмжээ, засаг захиргааны нэгжээ мөн бодолцоно.

-Шинээр нэр дэвшиж байгаа хүмүүс халтай, хуучин улстөрчдөд ашигтай хувилбар гэж ярьж байна. Сонгогчдын шинэчилсэн бүртгэлийг гаргаж амжих уу?

-Томсгосон тойргийн тухайд давуу тал, сул тал гээд яривал их олон зүйл бий. Хамгийн том эрх ашиг бол улс орныхоо эрх ашгийг бодъё. Аль нам ялах вэ гэдгээс илүүтэй улс оронд хэрэгтэй сонгуулийн системийг авъя гэдэг үүднээс манай нам бүсчилсэн том тойрог нь зөв юм гэж үзэн, шийдвэрээ гаргаж байна. Шинэ нэр дэвшигчид халтай гээд ярьж байгаа. Гэхдээ өнөөдөр цахим орчинд ямар ч сурталчилгаа хийх эрх бүрэн байгаа учраас заавал сонгуулийн сурталчилгааны хугацаанд сонгогчидтойгоо ямар нэг хэлбэрээр харилцах эрх бүрэн байгаа гэж үзэж байгаа. Сонгогчдын нэрсийн жагсаалт гурван сарын өмнө гарах ёстой. Ямар ч асуудал байхгүй. Аймаг, аймгаараа, сум сумаараа жагсаалт гарна. Улсын бүртгэлийн ерөнхий газар ажиллаж байгаа, хүндрэл гарахгүй.

-Баян-Өлгий аймгийг тусад нь бүс болгох уу?

-Манай нам тэгж ярьж байгаа. Баян-Өлгий аймгийг тусад нь бүс болговол яасан юм бэ. Нэгдүгээрт, үндэстний цөөнх.  Хоёрдугаарт, олон улсын нийтлэг зарчим ямар байдаг вэ гэвэл үндэстний цөөнхийн төлөөллийн зарчмыг заавал парламентад оруулах ёстой байдаг. Энэ зарчмын дагуу тэгж ярьж байгаа. Бусад намуудтайгаа ярилцаж шийднэ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 19. МЯГМАР ГАРАГ. № 252 (7237)

Сэтгэгдэл бичих