Нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголын хоёр дахь үе шат өнөөдөр эхэллээ

оруулсан Алсын Хараа

Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголын хоёр дахь үе шат өнөөдөр эхэлнэ.

УИХ-ын энэ оны долоодугаар сарын 6-ны өдрийн 63 дугаар тогтоолоор байгуулсан “Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, хяналт шалгалтын тайланг УИХ-ын намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан танилцуулах үүрэг бүхий Хянан шалгах түр хорооны даргаар УИХ-ын  гишүүн Б.Энхбаяр ажиллаж байгаа бол бүрэлдэхүүнд Э.Бат-Амгалан, Г.Ганболд, Б.Жаргалмаа, Ж.Бат-Эрдэнэ, М.Оюунчимэг, Ж.Сүхбаатар, С.Ганбаатар, Д.Ганбат, Т.Доржханд, О.Цогтгэрэл нарын гишүүн ажиллаж буй.

Сонсголын хоёр дахь үе шат өнөөдөр эхэлж, таван өдөр үргэлжилнэ. Энэ удаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт борлуулалт, экспортын үйл ажиллагаа, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн тээвэрлэлтийн үйл ажиллагаа, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн охин болон хараат компаниудад оруулсан хөрөнгө оруулалт, тэдгээрийн хэрэгжилт, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн санхүүжүүлсэн бусад төслүүд, “Эрдэнэс Тавантолгой” ХК-д эрх бүхий байгууллагаас хийсэн хяналт, шалгалтууд, тэдгээрийн үр дүнгийн дагуу авсан арга хэмжээ, Хяналт, шалгалтаар илэрсэн бусад асуудал зэрэг 6 асуудлын хүрээнд нотлох баримтыг шинжлэн судлах юм.

Нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголыг хоёр үе шаттайгаар зохион байгуулж байгаа бөгөөд эхний үе шат энэ сарын 4-8-ны өдрүүдэд болсон. Дөрвөн өдөр үргэлжилсэн нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголын эхний үе шатанд дөрвөн сэдвийн хүрээнд 28 багц асуудлаар нотлох баримтыг шинжлэн судалж, шинжээчийн дүгнэлт, хянан шалгагч нарын тайланг сонсож, шаардлагатай бичмэл нотлох баримтуудыг танилцуулж, холбогдох гэрчүүдээс асуулт асууж, хариулт аван, гэрч, шинжээч, хянан шалгагчаас тайлбар авсан юм. Дөрвөн өдрийн сонсголд нийт давхардсан тоогоор 275 гэрчид мэдэгдэх хуудас хүргүүлснээс 221 нь оролцсон аж.

Сэтгэгдэл бичих