Газын зурваст явуулж буй байлдааны ажиллагаагаа сулруулахыг АНУ-ын засаг захиргаа Израилийн талд уриалав

оруулсан Алсын Хараа

Өчигдөр буюу Пүрэв гарагт АНУ-ын засаг захиргаа Газын зурваст явуулж буй байлдааны ажиллагааныхаа цар хүрээг ойрын үед багасгахыг Израилийн эрх баригчдад уриалжээ.

Аравдугаар сарын 7-ны Хамасын халдлагын дараа Израилийн армийн эхлүүлсэн байлдааны ажиллагааг АНУ эхэндээ дэмжиж, тус улсыг өөрийгөө хамгаалах бүрэн эрхтэй гэж үзэж байв.

Гэвч Палестины газар нутагт амиа алдсан энгийн номхон иргэдийн тоо өсөх тусам энэ дэмжлэг суларч, олон улсын дарамт шахалт нэмэгдэж байна.

“Би тэдэнд Хамастай тэмцэх тэмцлээ зогсоолгүй үргэлжлүүлэхдээ илүү болгоомжтой байж, энгийн номхон иргэдийг хэлмэгдүүлэхгүй байхад анхаарал тавиасай гэж хүсэж байна” гэж АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден өчигдөр Вашингтоны ойролцоо болсон арга хэмжээнд оролцох үеэрээ хэлжээ.

Үүнээс өмнө Байдены үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жэйк Салливан энэ асуудлаар Израилийн эрх баригчидтай Тель-Авивт уулзаж ярилцсаныг Цагаан ордон мэдээлсэн юм.

“Байлдааны ажиллагааг ойрын үед өндөр эрчимтэй үе шатнаас  бага эрчимтэй үе шатанд шилжүүлэх боломжийн талаар бид ярилцлаа. Гэхдээ үүнд тодорхой цаг хугацаа товломооргүй байна” гэж Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби мэдэгджээ.

Ингэхдээ АНУ-ын тал Израилд зааварчлаагүй, харин “хатуу нөхцөл шаардлага” тавьсан гэсэн юм.

“Бид бүгд үүнийг аль болох хурдан дуусгах хүсэлтэй байна. Хэрвээ Хамасын тал буулт хийвэл өнөөдөр ч дуусах боломжтой. Гэхдээ яг одоо ингэх төлөв харагдахгүй байна” гэж Кирби сэтгүүлчдэд мэдээлжээ.

Гэвч Израилийн эрх баригчид хатуу байр сууриа өөрчлөх шинжгүй байна.

Жэйк Салливантай ярихдаа Израилийн батлан хамгаалахын сайд Йоав Галант “Хамастай хийх дайнд хугацаа хэрэгтэй. Дахиад хэдэн сарын турш үргэлжилж болзошгүй. Бид ямар ч байсан тэднийг устгах болно” гэж ярьсныг Цагаан ордон мэдээлжээ.

Хамас-Израилийн дайн одоо гурав дахь сардаа үргэлжилж байна. Өнгөрсөн хугацаанд Газын зурваст амиа алдсан палестин хүний тоо сүүлийн байдлаар 18,787 хүрээд байна. Тэдний ихэнх нь хүүхэд, эмэгтэйчүүд байгаа юм.

Аравдугаар сарын 7-ны өдөр Хамасын дайчид Израилийн газар нутагт халдах үеэр энгийн иргэд голдуу 1,200 гаруй хүн алагдаж, 240 орчим хүн барьцаалагдаж байв.

 

Эх сурвалж: AFP

Сэтгэгдэл бичих