Долоо хоногийн тойм

оруулсан Алсын Хараа

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн харьяа газар, агентлагуудын зүгээс 2020 оны гуравдугаар сарын 30-наас дөрөвдүгээр сарын 03-ны өдрүүдэд Улаанбаатар хотын хэмжээнд хийсэн томоохон ажлууд болон хотын Захирагч С.Амарсайханы оролцсон арга хэмжээ, өгсөн үүрэг даалгавар, бүтээн байгуулалтын ажлуудтай холбоотой мэдээ мэдээллийг тоймлон хүргэж байна.

Нийслэлийн хэмжээнд хорио арга хэмжээ 04 сарын 30 хүртэл үргэлжилнэ

Шинэ коронавирусийн халдвар манай улсад бүртгэгдсэнтэй холбоотойгоор иргэдийг хүлээн авч уулзах, олноороо цугласан хурал цуглааныг зохион байгуулах боломжгүй байгаа энэ цаг үед нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан долоо хоног бүр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, иргэдийн асуултад хариулж байхаар болсон билээ. Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар “Нийслэлийн мэдээ” пэйж хуудсаар дамжуулан цахимаар мэдээлэл хүргэлээ.

Иргэдийн хайхрамжгүй байдал, хөл хорионы заавар зөвлөгөөг дагаж, мөрдөөгүйгээс дэлхийн хотуудад өвчлөл эрс нэмэгдэж байна гэж үзэж байгаа тул иргэд цаашид назгайрч, анхаарлаа сулруулж болохгүй, дэглэмээ үргэлжлүүлэн хатуу сахих шаардлагатайг Хотын захирагч С.Амарсайхан мэдээллийнхээ эхэнд онцгойлон анхаарууллаа. Нийслэлийн хэмжээнд 8.000 гаруй цагдаа, 2.445 олон нийтийн цагдаа, 1.992 эргүүлийн ажилтан болон нэмэлтээр 3.824 хүн коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг өндөржүүлсэн бэлэн байдлын үед хэрэгжүүлэн ажиллаж байна.

Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх Нийслэлийн Засаг даргын захирамжийн хугацааг сунгалаа

Дэлхий нийтэд тархаад буй коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг чангатгах Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу “Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах талаар авч хэрэгжүүлж байгаа ажлыг эрчимжүүлэх тухай” нийслэлийн Засаг даргын А/223 дугаар захирамжийн үйлчлэх хугацааг ирэх дөрөвдүгээр сарын 30-ны өдрийг хүртэл сунгаж байгаатай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын “Коронавируст /КОВИД -19/ халдвараас иргэдийн эрүүл мэндийг хамгаалах талаар авч хэрэгжүүлж байгаа ажлыг эрчимжүүлэх тухай” А/436 тоот захирамж гарлаа.

Захирамжид “Дэлхий нийтэд тархаж байгаа шинэ коронавируст /КОВИД-19/ халдварт өвчинтэй тэмцэх, халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгасантай холбогдуулан 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд дараах үйл ажиллагааг дор дурдсанаар хязгаарласугай” гэжээ.

“Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал”-ыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ

“Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал /концепц/”-ыг нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Барилга, хот байгуулалтын яамны Шинжлэх ухаан, техник технологийн зөвлөлийн хурал, Барилга, хот байгуулалтын сайдын зөвлөлийн хурлаар тус тус хэлэлцүүлж дэмжигдсэн. Тус баримт бичгийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр өргөн барьж байгаатай холбогдуулан нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар, “Хот төлөвлөлт судалгааны институт” ОНӨААТҮГ-аас Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханд Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэх материалыг танилцуулав.

Танилцуулгыг “Хот төлөвлөлт судалгааны институт” ОНӨААТҮГ-ын дарга Ч.Рэгзмаа хийлээ. Тэрбээр “Хот байгуулалтын өнөөгийн нөхцөл байдал, нийгэм эдийн засгийн өсөлт, цаг үеийн өөрчлөлтүүд, ирээдүйн хотжилтын чиг хандлагад тулгуурлан Тогтвортой, Компакт, Хүртээмжтэй, Хэмнэлттэй, Дасан зохицох, Идэвхтэй хот байх зорилтуудыг тодорхойлж, Улаанбаатар хотыг 2040 он гэхэд амьдралын таатай орчин бүрдсэн хот болгон хөгжүүлэх алсын харааг дэвшүүлсэн” хэмээн онцоллоо.

Иргэдээс цахимаар авах санал асуулгыг 20 хоногоор сунгалаа

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх төсөлд иргэдийн саналыг цахимаар хүлээн авах хугацааг сунгаж байгааг НЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Н.Отгонбаяр, Нийслэлийн Мэдээлэл, Технологийн газрын дарга О.Чинзориг, НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар, Азийн сангийн Хотын засаглалыг сайжруулах төслийн менежер Г.Халиунгоо мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын санаачилгаар Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлын талаарх цахим санал асуулгыг хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа аж. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас ирэх 2021 онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлын талаарх цахим санал асуулгыг “SmartUb” аппликейшнийг ашиглан нийслэлийн есөн дүүргийн 173 хороонд гуравдугаар сарын 02-ны өдрөөс авч эхэлсэн бөгөөд цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан цахимаар  санал авах хугацааг дөрөвдүгээр сарын 20-ны өдрийг хүртэл сунгажээ.

“Нийслэлийн жендэрийн эрх тэгш байдлыг хангах дэд хөтөлбөр”-ийг баталлаа

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны гуравдугаар сарын 31-ний өдрийн хуралдаанаар “Нийслэлийн жендэрийн эрх тэгш байдлыг хангах дэд хөтөлбөр”-ийг хэлэлцэн баталлаа. Дэд хөтөлбөрийн танилцуулгыг нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч, нийслэл дэх Жендэрийн салбар хорооны дарга Ш.Анхмаа хийв.

Тогтвортой хөгжлийн зорилт 2030, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөр, Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөө, Нийслэлийн жендэрийн нөхцөл байдлын дүн шинжилгээний үр дүн, дүгнэлт, зөвлөмжид тулгуурлан “Нийслэлийн жендэрийн эрх тэгш байдлыг хангах дэд хөтөлбөр”-ийг боловсруулсан байна.

Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэс шинэ барилгатай болно

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдах Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн барилгын шав тавих ёслол боллоо. Уг үйл ажиллагаанд нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан, Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Налайх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Нэргүй, Цагдаагийн Ерөнхий газрын төлөөлөл болон Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн дарга, алба хаагчид оролцлоо.

Энэ онд нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийж буй олон ажлын нэг нь Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн шинэ барилгын ажил юм. Тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн барилга нь 1989 онд ашиглалтад орсноос хойш 31 жилийн хугацаанд тус барилгад үйл ажиллагаа явуулж байна. Уг барилгын тухайд багтаамж нь бага, дүүргийн 100 цагдаагийн алба хаагч ажиллахад хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байгаа юм. Иймээс шинэ барилга баригдсанаар иргэдийнхээ аюулгүй, амар тайван амьдралын төлөө зүтгэдэг цагдаагийн алба хаагчдын ажиллах орчин нөхцөл сайжрах юм. Харин одоо үйл ажиллагаа явуулж буй барилгыг эрүүлжүүлэх газар болгон ашиглах аж.

Нийслэлийн албан хаагчдын чадавхыг бэхжүүлэхэд хамтран ажиллахаар боллоо

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Удирдлагын академи, Азийн сан хооронд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Гарын үсэг зурах арга хэмжээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Р.Батрагчаа, Удирдлагын академийн захирал С.Зулпхар болон Азийн сангийн төлөөлөл оролцов. Санамж бичгийн хүрээнд Төрийн албаны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн хэрэгжилтийг хангах, Засгийн газрын 2019 оны “Сургалтын агуулга, хөтөлбөр батлах тухай” 299 дүгээр тогтоолын дагуу нийслэлийн харьяа бүх шатны байгууллагуудын албан хаагчдын чадавхыг бэхжүүлэх үйл ажиллагааны хүрээнд богино хугацааны сургалтыг хамтран зохион байгуулах, судалгаа шинжилгээ, зөвлөх үйлчилгээний чиглэлээр хамтран ажиллах юм байна.

Налайх дүүргийн ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг дахин төлөвлөх ажил эхэллээ

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан болон холбогдох албаны хүмүүс Налайх дүүрэгт ажиллах үеэрээ ашиглалтын шаардлага хангахгүй байгаа орон сууцыг дахин төлөвлөх ажилтай танилцаж, оршин суугчидтай уулзлаа. Энэ үеэр Налайх дүүргийн хоёрдугаар хорооны иргэн Ж.Баярням хэлэхдээ “Миний хувьд 13 жилийн хугацаанд ашиглалтын шаардлага хангахгүй барилгуудыг дахин төлөвлөж өгөөч гэж уйгагүй явсан. Олон ч хотын даргын нүүр үзлээ. Асуудлаа тавьдаг боловч хотын дарга нар сонсоод л өнгөрдөг байсан. Харин хотын дарга С.Амарсайхан бидний үгийг сонсож, эхний ээлжийн орон сууцыг дахин төлөвлөх ажил эхэлж байгаад баяртай байна” гэлээ.

Налайх дүүргийн ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг дахин төлөвлөх ажлыг нийслэлийн Орон сууцны корпораци хариуцан гүйцэтгэж байгаа юм. Налайх дүүрэгт ашиглалтын шаардлага хангахгүй 20 орчим орон сууц байгаа аж. Төлөвлөгөөний дагуу эхний зургаан орон сууцыг энэ онд ашиглалтад хүлээлгэн өгөхөөр тус корпораци ажиллаж байна. Эхний ээлжийн хоёр орон сууцны нийт 126 айлын орон сууцыг шинээр барих ажлыг ийнхүү эхлүүллээ.

Улс төрийн зорилгоор нийслэлийн бүтээн байгуулалтыг зориуд харлуулж байна

Улаанбаатар хотод өрнөж байгаа бүтээн байгуулалтын ажлын талаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан мэдээлэл хийлээ. Нийслэл хотод хийж хэрэгжүүлэх бүтээн байгуулалтуудыг нийгэм, эдийн засгийн хувьд эрэмбэлж иргэдийн ажил амьдралтай уялдуулж, дүүрэг хороодод тулгамдаж байгаа асуудал бүрт газар дээр нь очиж, холбогдох албаныхантай хамтран шийдвэрлэж байгааг хотын Захирагч мэдээллийнхээ эхэнд онцолж хэлсэн юм. Өнгөрсөн 2019 оноос эхлэн эзэмшил газраа зориулалтын дагуу ашиглаагүй, банк санхүүгийн барьцаанд тавигдсан, хувийн эзэмшилд очсон олон нийтийн эдэлбэр газруудын судалгааг холбогдох албаныхан гаргасан байна. Үүнтэй холбогдуулан зарим томоохон газруудыг нийтийн эзэмшилд буцаан авч эхэлжээ.

Хотын Захирагч С.Амарсайхан “Улаанбаатар хотод нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ хангалттай биш байгаа. Ногоон байгууламжийг нэмэгдүүлж, олон улсын жишигт нийцсэн ногоон байгууламжтай болохоор зорьж ажиллаж байна. Сүүлийн өдрүүдэд Сүхбаатарын талбайн урд хэсэгт стандартын дагуу хийгдэх гэж байгаа тохижилтын асуудалд улс төрийн шинжтэй, иргэдэд буруу ойлголт төрүүлэхүйц мэдээлэл тарааж байна. Улаанбаатар хот 2020 онд томоохон цэцэрлэгт хүрээлэнгүүдийг засварлаж шинэчлэх, зориулалтын усалгааны системтэй ногоон байгууламжтай талбай болгох ажлууд эхлээд явж байна” хэмээлээ.

“Чингис хаан” музейн бүтээн байгуулалтын ажил эхэллээ

Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 280 дугаар тогтоолоор “Чингис хаан” музей байгуулах тухай шийдвэрийг гаргасан. Музейн барилгын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх арга хэмжээ Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт боллоо. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн санаачилгаар хэрэгжиж буй уг музейн бүтээн байгуулалтыг эхлүүлэх ёслолд УИХ, Засгийн газрын гишүүд, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан болон Төр, нийгэм, урлаг соёлын зүтгэлтнүүд, эрдэмтэн мэргэдийн төлөөлөл оролцлоо.

Музейн барилга нь 20500 кв.м талбайтай, нийт есөн давхар бүхий олон улсын музейн стандартыг хангасан судалгаа, сургалт, танин мэдэхүй, соён гэгээрлийн цогцолбор болох аж. Уг музейг 2021 оны хоёрдугаар улиралд багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

 

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Сэтгэгдэл бичих