АНУ-ын Төв банкны үүргийг гүйцэтгэгч Холбооны нөөцийн сангийн /ХНС/ нээлттэй зах зээлийн хорооны 12 дугаар сарын хуралдаан болж, бодлогын хүүг 5.25–5.5 хувийн түвшинд хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ. Ингэснээр 2022 оны гуравдугаар сард эхэлсэн бодлогын хүүгийн өсөлтийн мөчлөг үндсэндээ зогсож байна.
Өнгөрөгч долоодугаар сард 0.25 хувиар өсгөснөөс хойш ХНС-гийн зүгээс "бодлогын хүүтэй холбоотойгоор хийх дараачийн алхам ирж буй мэдээллээс шалтгаална" гэсэн тайлбарыг өгч байв. Харин сүүлчийн хурлын дараа ХНС-гийн дарга Жером Пауэлл мэдэгдэхдээ, мөнгөний бодлого хангалттай хэмжээнд чангарсан эсэхэд итгэлгүй хэвээр байна гэсэн юм.
АНУ-ын эдийн засгийн идэвхжил гуравдугаар улиралтай харьцуулахад удааширсан, мөн ажлын байрны тооны өсөлт оны эхэн үетэй харьцуулахад удаан байгаа боловч уг үзүүлэлт өндөр хэвээр байна гэж хурлын дараа гаргасан мэдэгдэлд дурджээ. Түүнчлэн ажилгүйдлийн түвшин бага хэвээр, инфляц сүүлийн нэг жилийн хугацаанд буурсан боловч өндөр хэвээр байна гэж дурдсан нь бодлогын хүүгийн өсөлтийг зогсоох боломжтой гэсэн цорын ганц шинж тэмдэг байв. Бодлогын хүүг цаашид өсгөх шаардлага байгаа эсэхийг үнэлэхдээ ирж буй мэдээлэл, түүний мөнгөний бодлогод үзүүлэх нөлөөллийг хянана гэсэн байна.
ХНС он дуусахаас өмнө бодлогын хүүг дахин нэг удаа өсгөнө гэж есдүгээр сард таамаглаж байсан бол одоо ирэх онд 4.5-4.75 хувьд, 2025 онд 3.5-аас доош хувьд хүргэж бууруулна гэж таамаглаж байна. Зах зээлд оролцогчид нэг, гурав, тавдугаар сарын хурлаар бодлогын хүүг хэвээр үлдээнэ, харин зургаадугаар сард бууруулна гэж таамаглаж байна.
Энэ оны АНУ-ын эдийн засгийн өсөлтийн талаарх шинэчилсэн таамаглалд ДНБ-ий өсөлтийг 2.1 хувиас 2.6 хувь болгож өсгөсөн бол ирэх оныхыг 1.5 хувиас 1.4 хувь, 2025 оныхыг 1.8 хувь, 2026 оныхыг 1.8 хувиас 1.9 хувь болгож тус тус өөрчилжээ. Энэ оны ажилгүйдлийн түвшний талаарх урьдчилсан таамаглалыг 3.8 хувьд хэвээр үлдээжээ. 2024-2026 онд энэ үзүүлэлт 4.1 хувь байх төлөвтэй. Харин инфляцыг 3.3 хувиас 2.8 хувь, 2024 онд 2.5 хувиас 2.4 хувь, 2025 онд 2.2 хувиас 2.1 хувь болгон сайжруулав. ХНС-ийн тооцоолсноор, инфляц 2026 онд зорилтот 2 хувьд хүрнэ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг