Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, аялал жуулчлалыг хөгжүүлэн жуулчдын тоог нэмэгдүүлэх бодлого баримтлан ажиллаж байна.
Энэ оны туршид жуулчдыг татах чиглэлээр олон ажил зохион байгуулсны үр дүн ч тодорхой хэмжээнд гарч эхэлжээ. Тухайлбал, 2023 онд Монгол Улсыг 650 000 гаруй жуулчин зорин ирж, 1 тэрбум ам.доллар буюу 3.4 их наяд төгрөгийн орлого оруулсан байна. Энэ нь 2022 онд Монголд 290 414 гадны жуулчин хүрэлцэн ирж, 350 сая ам.доллар буюу 1,2 их наяд төгрөгийн орлого олж байсантай харьцуулахад жуулчдын тоо 2 дахин өссөн үзүүлэлт юм. Коронавирусний цар тахлын өмнө буюу 2019 онд Монгол Улсад 577 300 жуулчин ирсэн нь хамгийн өндөр үзүүлэлт байсан бөгөөд 2023 оны жуулчдын тоо энэ үзүүлэлтийг давж чадлаа. Мөн 2023 онд “Монголд зочлох жил” зарласантай холбоотой Монголын аялал жуулчлалын талаарх мэдээлэл 500 сая орчим хүнд хүрсэн хэмээн БОАЖЯ-наас мэдээлж байна.
Гэхдээ жуулчдын ихэнх нь Монгол оронд зун, намрын дулаан цагт ирдэг онцлогтой. Учир нь Монгол орон бол эрс тэрс уур амьсгалтай, дэлхийн хамгийн хүйтэн өвөл болдог орнуудын нэг билээ. Үүнтэй холбоотойгоор хэдийгээр цас, мөсний баяр, бүргэдийн баяр гэх мэт өвлийн улиралд болдог аялал жуулчлалын тодорхой эвэнтүүд байдаг ч 10 дугаар сараас эхлээд дараа жилийн 4, 5 дугаар сар хүртэл Монголд жуулчид ирэх нь эрс багасдаг. Үүнийг засаж залруулахаар Монгол Улсын Засгийн газраас “Монголд зочлох жил”-ийн хүрээнд жуулчдын тогтмол урсгалыг бий болгох, эрс тэрс хүйтэн уур амьсгалын нөхцөл байдалдаа тохируулан өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлж, жилийн 4 улиралд тасралтгүй жуулчид хүлээж авахад чиглэсэн ажлуудыг хийхийг зорьж байна. Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газраас 2023 оны 11 дүгээр сард өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлэхээ зарлалаа. 2023 оны 12 дугаар сарын 1-нээс 2024 оны дөрөвдүгээр сарын 30-ны хугацаанд буюу өвлийн улиралд аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогын арга хэмжээний хүрээнд жуулчдад зориулсан өвлийн эвэнтүүдийг уламжлал болгон зохион байгуулах, салбар дундын зохицуулалтыг сайжруулж дотоодын аялал, жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээг нэмэх, хөнгөлөлттэй үнийг санал болгож ая тухтай амрах нөхцөлийг төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаагаар бүрдүүлэх зэрэг ажлыг хийхээр төлөвлөж байна.
Монгол Улс бол өвлийн аялал жуулчлал хөгжих бүрэн боломжтой бүс нутагт багтдаг билээ. Тухайлбал, өвлийн улиралд морин аялал, цаа буга, хоёр бөхт тэмээн аялал, морин болон нохой чарга, цана тэшүүрийн аялал, мөсөнд авирах, цаатны урцанд хоноглох, өвлийн наран мандахыг харах, цас мөсний баяр, цагаан сарын баяр үзэх аялал, малчин айлын өвлийн амьдралыг мэдрэх, ан хийх, мөсөн цооногоос загас барих, харзны усанд орох, цасаар хучигдсан талд халуун рашаанд орох, шинийн гуравны бөөгийн тахилга үзэх, мөсөн шагайгаар наадах аялал гэхчлэн маш олон сонирхолтой аялал зохион байгуулах боломжтой. Тогтмол зохион байгуулагдаж ирсэн эвэнт арга хэмжээнүүд ч бий.
Тухайлбал, Өвлийн эхэн сард буюу 2023 оны 11 дүгээр сарын 18-20-нд “Талын түмэн адуу”-ны баярыг ес дэх жилдээ Хэнтий аймгийн Батноров суманд зохион байгууллаа. Тус фестиваль нь морьтны өв соёл, ёс уламжлалыг залууст өвлүүлэх, адууг уналга эдэлгээнд тогтмол ашиглах, монгол бахархлыг төрүүлэхэд оршиж байгаа юм. Тус баярт 3000 орчим хүлэг оролцуулсан бөгөөд адуутай холбоотой үнэт эдлэлийн дуудлага худалдаа, гэр музейн үзэсгэлэн, шургуу тэмцээн, урлагийн тоглолт, сайхан морьтон хос, нийтийн бүжиг, эмнэг булгиа тэмцээ зохион байгуулжээ. Мөн монголчууд хүлэг морьдынхоо өнгө зүс, ид хавыг гайхуулж морьтон эрчүүдийн “Удамт монгол” морин жагсаал хийдэг уламжлалтай. Энэ нь жуулчлалыг идэвхжүүлэх, монгол өв соёлыг сурталчлах, тусгай сонирхлын аяллыг хөгжүүлэх зорилготой. Адууны баярыг сонирхохоор ирсэн жуулчид “Тэнгэрийн андгай” цогцолбор, музейтэй танилцаж, “Сүлдэнд мөнхөрсөн хүлэг” дуулаачдын тэмцээн сонирхон, Бэрх тосгонд шинээр барьсан далд уурхайн музейг үзжээ.
АЖМХ-ны Удирдах зөвлөлийн дарга Б.Золбадрал, "Манай улс гадаадын жуулчдынхаа 23 хувийг өвөл авдаг. Финландыг өвлөөр, цаа буга, нохой чаргаар төсөөлдөгтэй адил Монгол орныг өвлөөр төсөөлж яагаад болохгүй гэж? Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд жуулчдын байрших үйлчилгээ маш чухал. Одоогоор өвөл орон нутагт арав гаруй бааз ажилладаг. Өвлийн аялал жуулчлалыг эрчимжүүлснээр улирлын хамаарал арилгах юм. Үүний тулд цахилгааны шөнийн тариф мөрдөх, хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж бий. Чингис хаан олон улсын нисэх буудлаар зундаа жуулчдын 70 хувь ирдэг. Өвөлдөө Ханх, Боршоо, Цагааннуурын боомтоор орж ирдэг. Алтанбулаг, Замын-Үүд, Чингис хаан буудал 7 хоног бүтэн ажилладаг. Хил дагуу жуулчид 3-4 хоногт богино хугацаагаар аялдаг тул боомтуудын ажиллах цагийн хуваарийг уртгасгах санал тавьсан. Нисэх онгоцоор ирсэн нэг жуулчин 1593-2500 ам.доллар зарцуулдаг бол хил орчмын жуулчид 600 ам.доллар зарцуулдаг судалгаа бий" гэв.
Тэрбээр, өвлийн улиралд жуулчдад санал болгох бүтээгдэхүүний талаар ярихдаа, “МИАТ компани өвөл нислэгээ 24-40 хувиар хямдруулж, 4-өөс олон жуулчныг нэг груп гэж хямдарсан үнээр үйлчилдэг. Зочид буудлууд ч үнээ хямдруулдаг. Өнгөрсөн өвөл “Шинэ жилээ Монголд” уриалга гаргаж, хямдралтай аян зарласан. Дайнтай холбоотой ОХУ-ын жуулчид 10 дугаар сард олноороо ирсэн. Гэхдээ энэ тоо 3 дугаар сар хүртэл үргэлжилсэн байгаа. Харин энэ жил “Mongolian winter” бүтээгдэхүүн гаргаж, "Скай рэсорт"-д 18 м өндөр мазаалайн мөсөн баримлыг нэгдүгээр сард байгуулна. Манайх "tax free " үйлчилгээг дэлгүүрт нь хасаад явахаар зохион байгуулж байна. Нохой чарга, цагаан сар, шинэ жил гэсэн хөтөлбөрөөс гадна эхний ээлжинд гурван орныг хамруулан хоккей, тэшүүрийн тэмцээн зохион байгуулж, дараагийн удаад бооцоот болгох зэрэг урт хугацаанд төлөвлөсөн ажлууд байгаа" хэмээв.
Ирэх оны эхээр буюу нэгдүгээр сарын 13, 14-нд Архангай аймагт "Winterland 2023-Тамирын жавар" өвлийн аялал зохион байгуулж, энэ үеэр "Дарвуулт чарганы спорт клуб”ийг нээхээс гадна "Хангайн Хасар", "Жороо морины тааварт уралдаан", "Өвлийн гоёл", "Мөсөн ханаар авирах", "Сарлагийн баяр" зэрэг 10 гаруй спорт, урлагийн тоглолт хийх юм. Мөн “Мөсний загасчлалын дэлхийн АШТ-ийг 2024 оны 3-р сарын 3 дахь долоо хоногийн бямба, ням гарагуудад Архангай аймгийн Өгийнуурт зохион байгуулна. Өвлийн аялал жуулчлалын өөр нэгэн бүтээгдэхүүн нь “Тэмээний баяр”. Монголын говь нутаг бол хоёр бөхт тэмээ, тэмээний соёлоороо аялагч, жуулчдын сонирхлыг ихээр татдаг. Энэ хүрээнд тэмээний баярыг тэмээ олонтой аймгууд уламжлал болгон тэмдэглэж аялал жуулчлалын нэгэн бүтээгдэхүүн болгосон юм.Тэмээний баярыг Өмнөговь, Өвөрхангай, Говь-Алтай, Дундговь, Дорноговь, Баянхонгор зэрэг тэмээн сүрэг олонтой аймгууд өвлийн улиралд орон нутагтаа зохион байгуулдаг. Хамгийн сүүлд гэхэд Өвөрхангай аймагт 2023 оны 12 дугаар сарын 1-2-нд тэмээний баяр зохион байгуулсан бол Говь-Алтай аймагт тэмэээний баярыг 2023 оны 12 дугаар сарын 20-нд зохион байгуулах юм. 2024 оны 1, 2, 3 дугаар сард Дорноговь, Өмнөговь, Дундговь зэрэг аймагт тэмээний баяр үргэлжлэн зохион байгуулагдана.
БОАЖЯ, Хөвсгөл аймаг хамтран өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, Хөвсгөл нуурыг хамгаалахаар 2001 оноос Хатгал тосгоны Хайчийн аманд “Хөх сувд” мөсний баярыг жил бүр зохион байгуулж, аялал жуулчлалын чухал бүтээгдэхүүн болгоод байгаа. Мөсний баяр сонирхогчид Улаанбаатар-Дархан-Эрдэнэт-Булган-Мөрөн-Хатгал тосгон-Хүй толгой маршрутаар 2000 км аялж очдог онцлогтой. Сүүлийн жилүүдэд сонирхогч оролцогчдын тоо нэмэгдэж жил бүр 20 мянга орчим хүнийг хамрах болжээ. Энэ үеэр жуулчдад зориулсан мөсөн шагайн, унадаг дугуй, тэшүүрийн тэмцээн, нохой чарганы уралдаан, мөсөн дээрх олс таталт, буухиа тэмцээн, аав, ээж би тэмцээн, тахтай морьдын уралдаан, уран бүтээлчдийн урлагийн тоглолт, Монголын уламжлалт бөөгийн зан үйл болох Далай ээжийн галын их тахилга зэрэг сонирхолтой үйл ажиллагаа өрнүүлдэг. Гадаадын жуулчдад зориулан “Competition for tourists” хөгжөөнт тэмцээн, монгол дууг хэн сайн дуулах вэ, хоолны шоу, мөсөн дээр дамар түлхэх, үндэсний хувцасны загварын үзүүлбэр зохион байгуулдаг. Мөн, урлаачид Хөвсгөл нуурын мөсөн дээр уул ус, хангай дэлхийгээ хайрлахыг уриалсан мөсөн хотхон, гулгуурын талбай, зураг авахуулах байгууламжийг бүтээдэг юм.
Ер нь Монгол оронд өвөл ирдэг жуулчдын ихэнх нь Хөвсгөл аймгийн “Мөсний баяр”, Өмнөговь аймгийн “Тэмээний баяр”, Баян-Өлгий аймаг, Улаанбаатар хотод болдог “Бүргэдийн баяр”-ыг зорин ирдэг билээ. Бүргэдээр ан хийх уламжлал, зан заншлыг сэргээх, хойч үеийнхэнд өвлүүлэх, жуулчдад сурталчлах, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгохоор бүргэдийн баярыг 2000 оноос зохион байгуулж эхэлсэн. Энэ уламжлалыг Монгол Улс хамгийн сайн хадгалж үлдсэн орон. Тиймээс өв уламжлалаа дэлхийд сурталчилж, жуулчдын урсгалыг нэмэхээр тус баярыг жил бүрийн хавар 3-р сарын 4-5-нд Улаанбаатарт, 10 дугаар сарын эхний 7 долоо хоногт Баян-Өлгий аймагт зохион байгуулдаг. Бүргэдийн баярын үеэр бүргэдчид үндэсний хувцсаараа гоёж, гаршуулсан бүргэдээ гарын шуун дээрээ суулгаад, ан хийхэд сургасан морио унаж баярын жагсаалд нэгддэг. Мөн үндэсний хамгийн сайхан хувцас, морь, бүргэдийн тоноглолтой оролцогчдыг шалгаруулж, бүргэдийн ан барих чадварыг шалгах зэрэг сонирхолтой тэмцээн зохион байгуулдаг юм.
Цаашид БОАЖЯ-наас зөвхөн Монгол Улсад цөөн тоогоор амьдардаг Мазаалай баавгайг олон нийтэд сурталчлах, хамгийн урт нохой чарганы аялал зохион байгуулах, “Нэг хонь-нэг жуулчин” концепцийг хэрэгжүүлэхээр бэлтгэлээ хангаж байна. Мөн Монгол Улсад адал явдалт аялал жуулчлалын олон улсын чуулганыг 2025 онд зохион байгуулахаар төлөвлөж байна.
Түүнчлэн Засгийн газраас олон улсын болон дотоодын нислэгийн давтамжийг хэвээр хадгалах, "Mongolian winter" маркетингийг эхлүүлэх хүрээнд Боршоо, Ханх, Цагаан нуурын боомтын цагийг уртасгаж, "Өвлийн аялал жуулчлал"-ыг дэмжихээр эхний ажлуудыг эхлүүлж байна.
2024 онд болох өвлийн аялал жуулчлалын онцлох эвэнтүүд
- Архангай аймагт 2024 оны 1 дүгээр сарын 13, 14-нд "Winterland 2023-Тамирын жавар" өвлийн аяллын эвэнт болно. Үүнд: "Дарвуулт чарганы спорт клубийн нээлт", "Хангайн Хасар", "Жороо морины тааварт уралдаан", "Өвлийн гоёл", "Мөсөн ханаар авирах", "Сарлагийн баяр" зэрэг 10 гаруй спорт, урлагийн тоглолтыг хийнэ. Арга хэмжээнд зориулан Монголын анхны "Өвсөн стадион" барих бөгөөд өвлийн улиралд халдаг эко ариун цэврийн байгууламжийг нэвтрүүлэхээр ажиллаж байна.
- "Монгол тэмээ наадам" 2024 оны хоёрдугаар сард Дорноговь аймгийн Сайншанд хотноо болно.
- "Түмэн тэмээний баяр-2024" арга хэмжээ 2024 оны 2 дугаар сарын 1-3-ны өдрүүдэд Даланзадгад хотод болно. Энэ хүрээнд таван насны хурдан тэмээний уралдаан, тэмээн поло тэмцээн болж, сайхан тэмээтэй хос, шилмэл үүлдрийн буур, шилмэл ингэ шалгаруулна.
- "Хөх сувд” мөсний баяр Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд 2024 оны 3 дугаар сарын 2-3-нд болно.
- “Цаа, цасны баяр” Хөвсгөл аймгийн Цагаанннуур суманд 2024 оны 3 дугаар сарын 5-6-нд болно.
- Мөсний загасчлалын “Хөвсгөлийн цом” олон улсын тэмцээн Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо голын адагт 2024 оны 3 дугаар сарын 15-18 -нд болно.
- “Мөсний загасчлалын дэлхийн АШТ 2024 оны 3 дугаар сарын 3 дахь долоо хоногийн бямба, ням гаргуудад Архангай аймгийн Өгийнуурт болно.